Улаанбаатар хотын тоосжилт АНУ-ын цөлжсөн хотоос ч өндөр гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын тоосжилт АНУ-ын цөлжсөн хотоос ч өндөр гарчээ

“Одоогоор, Улаанбаатар хотын бичил тоосонцорын түвшин олон улсын стандартаас хэт өндөр байна. Эрүүл мэндэд хоргүй түвшинд хүргэх нь нэг шөнийн дотор шийдэгдэх асуудал биш ч гэсэн одоо арга хэмжээ авч болохгүй гэсэн үг биш юм” гэж Дэлхийн банкны “Цэвэр агаар” хөтөлбөрийн менежер Гайлиус Драугелиус ”Улаанбаатар хотын агаарын мониторинг, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөний талаарх суурь судалгаа”-г танилцуулахдаа хэлсэн юм. Энэхүү судалгааг 2008 оноос эхэлжээ. Өнөөдөр Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот мөн боловч агаарын хувьд хамгийн бохир байхыг нь зөвтгөх шалтгаан огтхон ч биш. Судалгааны багийнхан агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц гэсэн эх үүсвэр тус бүрээр нь нэг бүрчлэн гаргажээ. Түүнчлэн энэхүү судалгаа нь анх удаа гэр хорооллын агаарын бохирдолд системтэйгээр ажиглалт хийснээрээ төдийгүй анх удаа эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг оролцуулснаараа онцлог юм.  Судалгаанд нийт найман  өрхийн болон хорооны эмнэлэг, долоон  дүүргийн эмнэлэг, гурван клиник эмнэлгийг багтаажээ.
Улаанбаатар хотын агаар дахь тоосжилт  нь хамгийн гол анхаарал татахуйц асуудал болоод байгааг ноён Гайлиус Драугелиус анхааруулсан.  Агаарын тоосжилтын хувьд Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн бохирдсон хотод тооцогдож байна. Агаарын бохирдлын хэмжээг жилээр нь гаргахад 40 хувь нь агаарын хий, 60 хувь нь тоос,тоосонцор байдаг юм байна. Агаар дахь тоос тоосонцрын хэмжээ 10 мк-оос бага байх ёстой атал манайд 2006 онд 141, 2007 онд 157, 2008 онд 279 гэхчилэн байнга өсөн нэмэгдсээр байгаа юм. Гэтэл  Хойд Хятад болон Өмнөд Азийн зарим хотын тоосжилтын түвшин буурсаар байгаа ажээ. Европ болон Америкийн хотуудадтоосжилтын хэмжээ  маш доогуур, цөлийн бүсэд орших АНУ-ын зарим хотод л гэхэд хамгийн өндөр нь 60-100 мк байдаг ажээ. Дэлхийн банкны судалгааны багийнхан цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдийг татан оролцуулж өөрсдийн дадал зуршлаа өөрчлөхийг уриалахыг чухалчилж байлаа. Нийгмийн ихэнх хэсэг, тэр дундаа ядуус Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад идэвхтэй оролцогчид болгох учиртайг онцолж байлаа.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж