“Аюулгүй ундны ус-Эрүүл мэнд” салбар дундын уулзалт өнөөдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа. Уулзалтыг нээж ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, БОНХЯ-ны БХЗГ-ын дарга Б.Гантулга, ДЭМБ-ын Халдварт бус өвчний багийн ахлагч С.Говинд нар үг хэллээ.
БХЗГ-ын дарга Д.Мөнхбат хэлэхдээ ЭМЯ-наас хүн амыг чанартай, аюулгүй усаар хангахад чиглэгдсэн олон үйл ажиллагаа явуулж ирсэн. Тухайлбал, сумын эмнэлгийн ус, хангамж, ариун цэврийн байдлыг сайжруулах төсөл, Говийн усны чанарт эрүүл ахуйн үнэлгээ өгөх төсөл, түүнчлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2011 оноос “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг Ус сувгийн удирдах газрыг түшиглэн хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл нь усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх ус хангамжийн бүхий л шат дамжлагад эрсдэлийг хянах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн гэдгийг дурдав. Уулзалтын үр дүн та бидний ажлын ахиц, амжилтаар тодорхойлогдох болно гэдгийг цохон тэмдэглэв.
Уулзалтын үеэр ундны усны чанар, аюулгүй байдал, хомсдол, эрүүл мэндийн нөлөөллийн чиглэлээр хийгдсэн судалгаа, ус, ариун цэврийн чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн биелэлтийг танилцуулсан бөгөөд үүний дараа уулзалтад оролцогчид харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны арга замыг тодорхой болгох талаар ярилцаж хэлэлцлээ.
Уулзалтын үр дүнд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж боловсруулж оролцогчдын зүгээс судалгаа шинжилгээний мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм.
Тус уулзалтад НЭМҮТ, БХБЯ, БШУЯ, Усны үндэсний хороо, ЭМШУИС, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМГ, МХЕГ, НМХГ, УСУГ, Усны газрын төв лаборатори, ШУТИС, Геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.