Өр барагдуулах эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Өр барагдуулах эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй гэв

Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн дүн мэдээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 110.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 5.4 тэрбум төг буюу 5.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 49.7 тэрбум төг буюу 81.2 хувиар өсчээ. Жилийн дотор ийм хэмжээгээр өссөн нь эдийн засагчдыг түгшээж байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлт, өр барагдуулах тогтолцоо учир дутагдалтай гэж буй. Үүнд түлхэц өгөх урамшууллын тогтолцоо хэрэгтэй тухай саналыг арилжааны банкууд дэвшүүлж байгааг Монголын банкны холбооноос мэдээлэв. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийт төлбөл зохих өр зээлийн 5-10 хувийг нь шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал болгох журам бий гэнэ. Өөрөөр хэлбэл, өр төлбөр барагдуулагч нэгж, ажилтныг урамшуулах тухай заалт байдаг ч ямар тохиолдолд, зээлийн өр төлбөрийг хэрхэн барагдуулснаар нь ялгасан заалтгүй, тодорхойгүй байдаг ажээ. Тиймээс хууль, эрх зүйн орчинд зээлийн өр төлбөр барагдуулах урамшууллын тогтолцоог бүрэн шийдэх, эсвэл дутуу дулимаг байлгаад хэрэггүй гэх байр суурьтай байна. Харин Хууль зүйн яамнаас эргэн төлөх ёстой зээлийн өр төлбөр барагдуулалтад урамшуулал тооцох хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон арилжааны банкууд энэ үйл явцад урамшууллын тогтолцоо хэрэгтэй гэж үзэж байгаа. Ингэхдээ дээр дурдсанчлан бүх өр зээл барагдуулах тохиолдолд бус тухайн зээлийг хэрхэн, хэдий хугацаанд барагдуулснаас нь шалтгаалан урамшууллын хувь хэмжээг тооцох байдлаар анхаарвал зохих ажээ.

“Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хянах хэрэгтэй”

Нийслэлийн хэмжээнд 72 шийдвэр гүйцэтгэгч байдаг учир нэг хүнд 180 орчим хэрэг ногдож, ачаалал ихтэй ажилладаг юм байна. Ийнхүү зээлийн өр төлбөр барагдуулах тал дээр ярихад, шүүхийн шийдвэр гарсан ч хэрэгжих явцдаа царцаад байна гэх. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хэрэгжихгүй байна гэх үндэслэлтэй. Тиймээс шүүхийн шийдвэр биелүүлэх, өр зээл барагдуулах үйл ажиллагааг шүүхийн хажууд авах хэрэгтэй гэсэн санааг банкирууд дэвшүүлж буй. Ямартай ч энэ асуудлыг хууль, эрх зүйн орчинд оновчтой тусгах талаас нь Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, арилжааны банкууд хамтран ажиллах тухай Монголын банкуудын холбооноос мэдээлж байна.

Гадны орнуудын жишгээр бол, тухайлбал, ХБНГУ-д шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хувийн хэвшил, төрийн холимог оролцоотойгоор хийдэг ажээ. Хүүхдийн тэтгэвэр, тэтгэмж, гэм хор учруулсантай холбогдох өр төлбөр барагдуулалтыг төрийн байгууллага нь хариуцдаг байна. Тодорхой зааснаас бусдыг нь хувийн байгууллагууд гүйцэтгэх тогтолцоотой гэнэ. Өр зээл барагдуулах зарим хувийн байгууллагууд нь тухайн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн өрийг шууд худалдаж аваад барагдуулах ажлыг тохиролцож хийх байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлыг төр, хувийн хэвшлийн жигд оролцоогоор хангадаг хэрэгцээтэй жишээг сонслоо.

Социалист тогтолцоо задран унахад зах зээлийн дүрэм ёсоор арилжааны банкууд байгуулагдаад 20 гаруй жилийг ардаа орхихдоо эрсдэл дагуулсан зээлд дорвитой тэмцэл хийж чадаагүй ч хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг ийнхүү үнэ цэнэтэй гэж онцолж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж