“Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ 2009 онд үзэгчдэд толилуулж байсан “Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн мюзикл жүжгийг тайзнаа тавих гэж байгаа аж. Энэ бол “Гэнэтийн бэлэг” хэмээх сонирхол татам нэртэй романтик инээдмийн болон хөгжимт драмын бүтээл. Жүжгийн зохиолыг Ж.Оргилсайхан “Нарийн ногооны салат” нэртэйгээр бичсэн бол ерөнхий найруулагчаар нь Б.Уянга ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрүүдэд Монголын чадварлаг жүжигчдээс гадна рок попын шилдэг дуучид оролцон тоглох нь ээ. Тодруулбал, “Найзууд” театрын жүжигчин Э.Ууганбаяр, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, “HOTSPOT” хамтлагийн дуучин Н.Наранбаатар, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Б.Билэгдэмбэрэл нар нэгдэх гэнэ шүү.
Жүжгийн дууны клип өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байгаа юм. “Энэ дурлал гайхамшигтай” хэмээх дууг “HOTSPOT”-ын Наагий, “Киви” хамтлагийн дуучин Ука нар хамтран дуулжээ. Тус дууны аяыг хөгжмийн продюсер Оки, шүлгийг “Такт продюсинг”-ийн продюсер Г.Мөнхжаргал бичсэн байна. Цоо шинэ өнгө төрх агуулсан энэ жүжиг ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийх нь ээ.