
Хүний эрхийн төлөө тэмцэгч пакистан охин Малала богинохон боловч их түүхийг өгүүлэх өөрийнхөө амьдралын талаар “I Am Malala” /Намайг Малала гэдэг/ нэртэй ном гаргах гэж байгаа гэнэ. “Guardian” сонинд мэдээлснээр Малала Юсуфзай охины номыг хэвлэхээр Их Британийн “Weidenfeld & Nicolson Ltd” хэвлэлийн компани түүнтэй гурван сая ам.долларын гэрээ үзэглэсэн аж. Малала Юсуфзай “Би өөрийнхөө тухай түүхийг хүмүүст ярьж өгөхийг хүсч байна. Бас би боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 61 сая хүүхдийн түүхийг ч бас яримаар байна. Би бүх охид, хөвгүүдийн суралцах эрхийг хамгаалахыг хүсч байна. Учир нь энэ бол тэдний үндсэн эрх шүү дээ” гэж ярьсан байна. Харин “Weidenfeld & Nicolson Ltd” хэвлэлийн компанийн орлогч захирлын мэдэгдснээр “I Am Malala” ном нь Малала охины эр зориг, хүсэл мөрөөдлийн тухай өгүүлэх гэнэ. Малала охин талибанчуудын бууны суманд өртснөөс хойш зургаан сарын хугацаанд сургуулиас завсардсан бөгөөд саяхнаас Английн Бирмингем хотынн Эджебастон охидын ахлах сургуульд явж эхэлсэн билээ.
Өдгөө 15-хан настай боловч нууц нэрээр блог хөтөлж, Пакистаны эмэгтэйчүүдийн өмнөөс зоригтойгоор үгээ хэлж, үүнийхээ төлөө талибанчуудын бууны суманд өртсөн ч азаар амьд үлдэн, хүнд хэцүү мэс заслыг зоригтойгоор даван туулж, “Time” сэтгүүлийн 2012 оны онцлох хүнээр тодорч, Нобелийн шагналд хүртэл нэр дэвшээд буй Малала охины амьдралын тухай өгүүлэх энэ ном хэн бүхэнд сонирхолтой байх буй за.
Б.АНХТУЯА