Монгол Улс жуулчлахад таатай орны тоонд багтжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Монгол Улс жуулчлахад таатай орны тоонд багтжээ

Чех улсын Аялал жуулчлалын холбооноос Праг хотноо энэ гуравдугаар сарын 23-24-нд “Тойрон аялал” уламжлалт наадмыг зохион байгуулсан талаар тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан мэдээллээ. Жил бүр зохион байгуулдаг энэ наадамд  аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг Чехийн үндэсний 30 гаруй компани аяллын маршрутаа танилцуулсан байна. Хоёр өдрийн турш үргэлжилсэн уг үйл ажиллагаанд гадаадад аялахаар төлөвлөж буй хүмүүс, сонирхогчид өргөнөөр оролцжээ.

Праг хотноо суугаа Монголын элчингийнхэн энэ арга хэмжээний үеэр улсаа сурталчлахад анхаарч ажилласан байна. Монгол Улсын аялал жуулчлалын өнөөгийн байдал, төлөв, визийн журмын тухай танилцуулга хийж, дэлхийд нэр нөлөөтэй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болох “Нью-Йорк Таймс” болон “СNN” агентлагийн сүүлийн үеийн мэдээнүүдэд аялж жуулчлахад таатай орнуудын тоон Монгол Улс орсныг дуулгаж, ирэх зун Монголд өргөнөөр аялахыг уриалжээ. Энэ үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин СТА Ч.Нарангэрэл шударга хөгжмийн бэсрэг концерт  тоглон сонирхуулснаас гадна 2012 онд Монголд аялсан Чехийн зарим жуулчид сэтгэгдэлээ хуваалцжээ. Мөн Праг хотын Техникийн их сургуулийн оюутан Йиржи Лехейчек видео лекц хийсэн байна. Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Хангайн нуруу, Богд хан уулаар аялж эдгээр газрын бүтэц, ургамал, амьтны аймгийн талаар хийсэн түүний видео мэдээлэл маш сонирхолтой болж олны анхаарлыг татжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж