Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам өчигдөр УДЭТ-т болж, шилдгүүд алтан цомоор уран бүтээлээ мялаасан билээ. Театрын “акулууд”-тай эн зэрэгцэн хүчтэй өрсөлдөгч байж чадсан “ТВ Коктейл”-ийн залуус “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ хос “Муза” гардсан юм. Хошин урлагаар дагнаж, телевиз, тайз, дэлгэцийн бүтээлд хүч сорьж байсан тэд өнгөрсөн жил анх удаа сонгодог бүтээлд хөл тавьсан нь тэднийг ийн амжилтад хөтөлсөн хэрэг.
Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг тайзнаа зоригтой тавьсан “ТВ Коктейл”-ийн залуусын анхны сонгодог бүтээл ямартай ч амжилт дагууллаа. Тэдний жүжиг “Гэгээн муза” наадмын драмын жүжгийн төрөлд зургаан номинацид нэр дэвшсэнээс өчигдөр үдэш Н.Цэнд-Аюуш Шилдэг эмэгтэй гол дүр, Д.Энхбаяр Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчнэр тодорсон юм.
“ТВ-Коктейл” хамтлагийнхан тайзны анхны сонгодог бүтээлээрээ драмын шилдгүүдтэй эн зэрэгцэн ганзага дүүрэн буцлаа. Одоо ч “Хоёр ертөнцийн буудал”-д дахин саатахыг хүссэн үзэгчид тэдэн рүү утас цохисоор байгаа гэнэ лээ. Залуустаа амжилт хүсье.