Хоёр Солонгосын нөхцөл байдал өдрөөс
өдөрт хүндэрч байгаа энэ үед хөрш орнууд дайны бэлтгэлдээ орлоо.
Ажиглагчдын үзэж буйгаар Өмнөд Солонгосын талд АНУ тэргүүтэй хэд хэдэн
улс Номхон далайн бүс нутагт өөрсдийн хүчээ төвлөрүүлж эхэлсэн бололтой.
Энэ үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын байр суурь дэлхий нийтийн
анхаарлыг татах болов. Учир нь эртнээс найрсаг харилцаатай байсан Хойд
Солонгос, Хятад хоёрын дипломат харилцаанд залуу удирдагч Ким Чен Ун
сэв хийсэн гэлтэй. Түүний гаргасан шийдвэрт хятадууд сэтгэл дундуур
байгаагаа илрэхийлж, цаашид туслахгүй, дэлхийн бусад оронтой санал
нэгтэй байх болно гэдгээ илэрхийлсэн. Энэ нь мэдээж Хойд Солонгос
сансарын хиймэл дагуул хөөргөж, баллистик пуужин туршиж үзсэнтэй
холбоотой. Барууныхан Хятадын энэ байдлыг “БНХАУ-ыг Хойд Солонгосоос
нүүрээ буруулах үндэслэл хангалтгүй. Учир нь Ким Чен Ир агсаныг амьд
сэрүүн байхад ч цөмийн туршилт хийж байхад Хятадын зүгээс л хараад сууж
байсан” гэж тайлбарласан.
Хятадын байр суурь гэхдээ тун эргэлзээтэй. Саяхан барууны хэвлэлээр
тус улсын байр суурийг тайлбарлах гэж хичээсэн нэгэн нийтлэл гарсан. Гол
санаа нь “БНХАУ арлын маргаан нэрийн дор байлдааны бэлтгэл ажилд ороод
байгаа юм биш байгаа” гэсэн утга агуулж буй. Арлын маргаан, бүс нутгийн
аюулгүй байдалтай төдийлөн холбоотой бус гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэхдээ
газар нутгаа алдах гэж байгаа юм шиг дөрвөн арлын хойноос Их Наран
улстай таагүй харилцаатай болоод багагүй хугацаа өнгөрлөө.
АНУ-ын Тагнуулын төв газраас хийсэн хиймэл дагуулын ажиглалтаар тус
улсын тээвэрлэлтийн ачаалал эрс нэмэгдсэн нь тогтоогджээ. Хэдийгээр
хиймэл дагуулаас чухам юу тээвэрлэж байгаа нь тодорхой бус байдаг ч том
оврын ачааны машинаар үл мэдэгдэх ачааг тээвэрлэсээр байгаа аж. Хамгийн
гол нь хаврын улирал эхэлсэн, урин дулаан цаг ирсэн энэ үед Хятадын
тээвэр зуучлалын салбар жилийн энэ улиралд ачаалал нэмэгддэг. Хятадын
зүүн тэнгис орчимд төвлөрөлт сүүлийн хоёр долоо хоногт ихсэж байгаа
талаар ч зарим ажиглагчид хардлага төрүүлсээр байгаа нь үнэн.
Өмнөд Хятадын тэнгисийг булаацалдаж буй улсуудын хооронд дахин маргаан
сэдэрсэн. Вьетнамын эрх баригчид энэ сарын 20-ны өдөр Өмнөд Хятадын
тэнгист орших маргаантай Парасел арлын ойролцоо загасчилж байсан хөлөг
рүү Хятадын зүгээс гал нээсэн гэх шалтгаанаас арлын маргаан олны
анхаарлыг татсан. БНХАУ болон Вьетнам улсын хооронд 1974 оноос хойш
нефть, байгалийн хийн багагүй нөөцтэй Парасел арлыг булаацалдаж байгаа.
Хамгийн гол нь Хятадын талаас ямар ч анхааруулга өгөлгүй загасчдын хөлөг
рүү гал нээснээс болж Вьетнамын иргэд Хятадыг эсэргүүцэх хөдөлгөөн
газар аваад буйг эрх баригчид онцолж буй. Тэдний энэ үйлдэл нь ямар нэг
зүйлийг далдлаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм. Ер нь сүүлийн нэг жилийн
турш БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин арлын маргаантай байгаа бүхий л
асуудлыг хүчээр шийдвэрлэхийг эрмэлздэг болсон нь нууц биш. Түрэмгийлэл,
хүчирхийлэл, эсэргүүцэл гээд БНХАУ-ын иргэд Япон, Тайванийн гэсэн
бүхнийг сүйтгэж, жагсаал зохион байгуулаад амжсан.
БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэртэй усан бүсийг өөрийн
эзэмшлийнх хэмээн зарласан. Харин уг бүс нь олон улсын далайн тээврийн
гол замууд оршдог. Маргаантай байгаа арлууд ихэвчлэн нефть, байгалийн
хийн нөөц, цаашлаад стратегийн чухал байрлал бүхий бүс нутаг. Японоос
эхлээд Вьетнам, Филиппин, Бруней, Малайз, Тайвань зэрэг хэд хэдэн орон
БНХАУ-ыг арлын маргаан дээр хүлээцтэй хандахыг уриалдаг уламжлал
хэдийнээ тогтсон.
Бүс нутгийн аюулгүй байдал хамгийн чухал гэсэн үүднээс БНХАУ, ОХУ болон
Японы зүгээс Хойд Солонгосын цөмийн туршилтыг эсэргүүцсэн. Харин АНУ
Өмнөд Солонгостой нийлж, цэргийн хамтарсан сургуулиалт хийх болсонтой
холбогдуулж хоёр хөрш төвийг сахисан байр суурьтай байгаа. НҮБ болон
АНУ-ын зүгээс Хойд Солонгост авсан хориг арга хэмжээ өнөөдөр дайны
байдалд шилжих хөшүүргэ болсон талаар ч зарим улс төр судлаачид онцолж
буй. БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ян Цзечи “Хойд Солонгост авсан
эдийн засгийн хориг, бусад хориг дээр бид санал нэгтэй байгаа. Үнэхээр
Бүс нутгийн аюулгүй байдлын төлөө манай улсын хувьд ч өмнө нь анхааруулж
байсан. Гэвч сансарын хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр цөмийн пуужин
туршиж үзсэн нь нотлогдсон. Тиймээс манай улсын хувьд Ази, Номхон далайн
аюулгүй байдлыг хангах, Азийн, цаашлаад эх дэлхийн энх тайвны төлөө
өөрсдийн хатуу байр сууриндаа бат зогсох болно” хэмээн энэ сарын эхээр
мэдэгдсэн.
Өнөөдрийг хүртэл ОХУ Хойд Солонгосын үйлдэл дээр тодорхой байр суурь
илэрхийлээгүй. Асуудлыг алсаас харсаар өдийг хүрсэн. Өнөө маргаашгүй
болох БРИКС-ийн чуулга уулзалтын үеэр Хойд Солонгосын талаар тодорхой
байр суурийг ОХУ илэрхийлэх болов уу гэсэн хүлээлт бий. Тэгвэл Өмнөд
Африкийн Бүгд найрамдах улсад болох БРИКС-ийн гишүүн орнуудын чуулга
уулзалтын үеэр БНХАУ маргаантай байгаа арлын талаар өөрсдийн байр
суурийг илэрхийлэх нь тодорхой байгаа. Их Британийн “Guardians” сонины
цахим хуудсан дээр “Маргаантай арлын цаанаа ямар нэг ашиг сонирхол
байгаа эсэх, түрэмгийлэл байна уу, үгүй юу гэдгийг дэлхий нийт энэ
удаагийн чуулга уулзалтын үеэр тодорхой баримт дээр суурилсан илтгэлээс
үзэх боломжтой” талаар мэдээлсэн.
Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин