Шатахууны үнийг биржийн үнээр тогтоох уу?

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг биржийн үнээр тогтоох уу?

“Ил тод уул уурхай” сэдэвт хурал өнөөдөр болж, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон албаныхан салбарын хэмжээнд цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Уул уурхайн салбарын том бүтээн байгуулалт болох Оюутолгойн асуудал сүүлийн үед хурцаар яригдаж, гэрээний ашигтай, ашиггүй талыг томъёолон буй. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал хоёр удаа хуралдаад завсарласан. Үүнээс тодорхой хариу, шийдвэр гараагүй бөгөөд хурлаар “Рио Тинто” компаниас илэрхийлээд байсан Оюутолгойн ордыг сорчилж ашиглах сонирхлыг нь нухацтай ярилцах, хөрөнгө оруулалтынхаа хэмжээг хоёр тэрбум ам.доллараар нэмснээр 7.1 тэрбум ам.долларт хүрсэн шалтгааныг олж тогтоох, цаашид хэрхэхээ шийдэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Тэгвэл Оюутолгойд оруулсан хөрөнгө оруулалт хэтэрсэн зардлыг санхүүгийн баримтад үндэслэн тодорхой болгосны дараа хувь нийлүүлэгчдийн хурал болох тухай мэдээлэв.

Мөн өнөөдрийн хурлын үеэр түлш, шатахууны үнийн асуудал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийлээ.

Шатахууны үнэ бүрдэлтийг судалж байна

Монгол Улс сардаа 60-80 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг гаднаас авч ашигладаг бөгөөд үүний 50 хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас, үлдсэнийг бусад орнуудаас авч байна. Манай шатахууны 50 хувийн хэрэглээг атгаж суугаа ОХУ-д Уул уурхайн яамнаас урьд саруудынх шиг хүсэлт явуулах бус, бодит санал хүргүүлэхээр болсон. Тодруулбал, ОХУ–ын хувьд манайд нийлүүлэх экспортын үнэ нь бусад орнуудаас үнэтэй байдаг тул Уул уурхайн яамнаас албаныхан нутаг дэвсгэрт нь очиж судлахаар гуравдугаар сарын 19-нд ажлын хэсэг томилогдон явсан билээ. Ингэж манайд нийлүүлэх шатахууны үнэ бүрдэлтийг ил болгох, шударгаар тогтоох асуудлыг ярилцаж, ил тод байдлын гэрээ хийх гэнэ. Харин шатахууны хэрэгцээний үлдсэн 50 хувийг бүрдүүлж байгаа орнуудын тухайд, Швейцарийн “Ганвор” компаниас импортлогч компаниуд гэрээ хийж 20 мянга орчим тонн бүтээгдэхүүн, нэг, хоёрдугаар сард БНСУ-аас 14 мянган тонн бүтээгдэхүүн авч байна. Үүн дээр нэмэгдээд ирэх сараас БНХАУ-аас 10 мянган тонн шатахуун авахаар болсон тухай бид мэдээлсэн. Ингэхдээ Монголоос “Дачин-33” ангиллын газрын тосыг нийлүүлж, хариуд нь шатахуун авах бөгөөд үнэ бүрдэлтийг экспортын үнэтэй уялдуулах аж. Гэтэл энэ асуудалд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.

-“Роснефть” компанийг зорьсон хүмүүс амаа таглуулаад ирэх вий. Тэнд манай талаас яг ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Ерөнхийдөө зөвхөн ОХУ-аас манайд хэлж байгаа шатахууны үнийг биш, олон улсад мөрдөж байгаа биржийн үнэ дээр л үнэ бүрдэлтийг үндэслэх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаа. Үнэ бүрдэлтийн ил тод байдлын гэрээ хийх зорилготой.

-БНХАУ руу газрын тосны бүтээгдэхүүн гаргаад шатахуун болгон авна гэж байгаа. Манайхаас гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн их өтгөн байгаа учраас боловсруулалтын зардал гэсээр дан импортоор оруулж ирдэг шатахууны үнээс ялгаагүй болно гэж ярьж байна?

-Манайхаас гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн бага зэрэг л өтгөн. Бид ингэж нийлүүлээд АИ-92, дизель түлшийг тонн тутамд нь 100-150 ам.доллараар авч болох юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн нас 25-30 жилээр нэмэгдэх боломжтой

Өнөөдрийн хурлаар яригдсан бас нэг чухал сэдэв бол “Эрдэнэт”-ийн үйлдвэр. “Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн нөөцийг 25 жил ашиглах боломжтой бөгөөд одоогийн байдлаар Уул уурхайн яамнаас хэтийн төлөв өндөртэй гэгдэх “Эрдэнэт овоо”-ны орд орчмын таван талбайг Засгийн газрын нөөцөд аваад байна. Ингэхдээ ордын орчимд тогтоогдсон хэтийн төлөв бүхий зургаан талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гурван талбайг Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны тогтоолоор нөөцөд авсан. Тэгвэл сүүлд “Хужиртын гол”, “Эрдэнэт-ЗУ-3-1” талбайн тусгай зөвшөөрлүүд хуулийн дагуу хүчингүй болсон учир уг хоёр талбайг энэ сарын 16-ны хуралдаанаар Засгийн газрын нөөцөд авсан талаар албаныхан мэдээллэв. Ийнхүү таван талбайг хэтийн төлөв бүхий нөөцөөр авч үзэж хамгаалалтад авснаар “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж