“Үхэртийн хөндий”-н үнэн түүх

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

“Үхэртийн хөндий”-н үнэн түүх

“Наурыз
нь эвтэй найрсаг аж төрөх ёсны бэлгэдэл болсон, чирэгдэл багатай, архи
дарсыг цээрлэсэн өвөрмөц баяр” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлжээ.
Ийн тэмдэглэхээс аргагүйгээр Наурызыг сурталчлав, энэ жил. Казах
үндэстэн Монголын бусад үндэстэн ястнууд дундаас хамгийн хүчирхэг нь
гэдгийг харуулахыг зорьсон ч байх талтай. Монголын дөрвөн зүг найман
зовхист аж төрж буй олон ястнуудаас ялгаруулан үндэстэн гэж тэднийг
онцолдог. Тиймээс ч  тэд бардам, бас түрэмгий байдаг.

Баян-Өлгий
аймгийн иргэн Б.Аманжол гэгч өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Түүний хүү,
охин хоёрыг цэцэрлэгийнх нь багш нар зодож, биед нь гэмтэл учруулсан
гэнэ. Багш нарт энэ тухай хэлсэн ч үл тоомсорлосон тул шүүх, цагдаагийн
байгууллагад хандаад ч үр дүнд хүрээгүй, эсрэгээрээ өөрийг нь шалгана
хэмээж. Байдал энэ мэт байгаа нь Баян-Өлгийд ужгирсан зүйл гэдгийг тэр
хэлж байсан. “Баян-Өлгий аймаг эзэнгүй мэт байна. Улстөржиж, ард
түмнийхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж
өгч чадахгүй байна. Бүх удирдлагууд хоорондоо холбоо сүлбээтэй байдаг”
гэх үгийг ч тэр хэвлэлийнхээр дамжуулж дайсан юм.

Баян-Өлгийд
очиж үзээгүй, казах түмний дунд нь орж амьдраагүй хүмүүст бол бусад 21
аймгийн нэг л санагдана. Гэвч тэнд аж төрж буй хүмүүс Өмнөговь,
Дорноговь, Хэнтий, Өвөрхангай, Архангайн алинтай ч адилгүй. Тус аймаг нь
өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлийн дүнгээр 102.9 мянган хүн
амтай, 20 мянган өрхтэй, 1 302 700 мянган толгой малтай гарчээ. Хүн амын
олонх нь казах үндэстнүүд байх нь мэдээж. Харин яг хэдэн хувь бэ
гэдгийг аймгийн удирдлагууд хэлэхийг хүсдэггүй юм билээ. Өлгий нутгийг
урианхай, торгууд, өөлдүүдийн өлгий нутаг гэдэг ч аймгийн 13 сумын ердөө
3-4-т нь л эдгээр ястнууд аж төрж байна. Аймгийн хэмжээнд ерөнхий
боловсролын 42 сургууль байдаг. Аймгийн төвийн хоёрдугаар сургуулиас
бусад нь казах хэл дээр сургалтаа явуулж байна. Чухам тиймээс ч монгол
хэлээ мэддэггүй Монгол Улсын иргэд Баян-Өлгийд л хамгийн олон байна.
Ямартаа л “Та аль улсын иргэн бэ” гэсэн асуултад Өлгийгөөс ирсэн оюутан
“Баян-Өлгий улс” хэмээн бичиж байхав дээ. Улстөржүүлж ойлговол үнэхээр
аюултай эндүүрэл байгаа биз. Монгол хэлний хичээлийг казах багш нар
казах хэлээр заагаад байхаар хүүхдүүд яаж монгол хэл сурах билээ. Үүнээс
болж Улаанбаатар тэдэнд харийн хот шиг, Баян-Өлгийн оюутнууд бусдадаа
холын гийчид шиг санагдахаас яах билээ. Монгол ахуйгаас дэндүү алсарсан
Өлгийн оюутнууд монголчууд дундаа идээшин дасахгүй байгаагийн гол
шалтгаан энэ. Худал гэвэл та захын их дээд сургуулийн оюутны байраар
ороод үзээрэй. Тэнд казах оюутан нэг ч байхгүй байх вий. Хэд хэдээрээ
нийлж орон сууцны өрөө хөлслөн амьдарч буй казах оюутнууд багшийн зааж
буй хичээлийнхээ хэдэн хувийг бүрэн төгс ойлгодог бол доо гэсэн бодол
эрхгүй төрдөг юм. Тэгсэн хэрнээ Баян-Өлгийд болж буй монгол хэл, монгол
бичгийн олимпиадад ёс мэт казах сургуулийн хүүхэд тэргүүлдэг. Монгол
сургуулийн, монгол багшийн шавь хамгийн өндөр оноо авсан байлаа ч монгол
хэлний олимпиадын түрүү авах хувь дутна гэдэг эмгэнэл биш гэж үү. Урлаг
уран сайхны тэмцээнд ч эл шударга бус байдал газар авсныг хэлэх хүн
олон бий. Томчууд нь ч яахав, бүгдийг яс үндэс, угсаа гарал, танил
талаар нь ялгаад ойлгож гэж бодъё. Өөрөөс нь өндөр оноотой ч түрүүлж
чадаагүй найзыгаа хараад балчир хүүхдүүд юу боддог бол?

Дээр
хэлсэнчлэн Баян-Өлгийд ганцхан монгол сургууль байхын дээр тэр
сургуулиас бусдынх нь захирлаар казах хүмүүс ажилладаг. Тэтгэвэрт
гарахдаа ч казах хүнд л ажлаа залгамжлуулдаг бичигдээгүй хууль тэнд
үйлчилдэг. Аймгийн удирдлагууд дунд өдгөө нэг ч казахаас өөр ястан үгүй.
Тэнд амьдарч байгаа казахаас бусад үндэстэн ястнууд бүгд чадваргүй
хүмүүс гэж л битгий хэлээсэй дээ. Аймгийн прокурор, нийгмийн даатгалын
газраас бусдыг нь казах хүмүүс удирдаж байна. Удирдлагад нь ямар хүмүүс
ажиллаж байгааг ч доорх хэдхэн байгууллагаар иш татан  харуулъя.

…Баян-Өлгий
аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь нийт 37 албан хаагчтайгаар иргэдэд
үйлчилдэг. Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл, Эд хөрөнгийн
бүртгэлийн тасгийн дарга Р.Бауыржан, иргэний бүртгэлийн тасгийн дарга
Д.Аманбек, хяналтын улсын байцаагч  Л.Өнөржаргал , нягтлан бодогч
А.Ертауке, улсын бүртгэгч К.Ерке, Х.Имашхан, А.Альсана, Х.Тилеубек,
А.Еркегүл, И.Лаззат, А.Серикжан, Л.Одонгэрэл, , хуулийн этгээдийн
бүртгэгч Б.Сауле, нярав Н.Лаззат, бичиг хэргийн эрхлэгч Х.Назгүл, архивч
Б.Бота, Х.Мейрам, С.Гүлжан, инженер М.Халайх, харуул Сабихан, үйлчилэгч
Хадан, Сумдын, улсын бүртгэгч Х.Еркетай, М.Роза, О.Алтанцэцэг, С.Лена,
А.Бадамсүрэн, С.Хуанар, М.Монтай, Т.Хангай, С.Гүлбану, Б.Бахытгүл,
Ш.Еркинбек, Ц.Октябрь, Т.Ертай С.Рысбай, С.Айсауле нар ажиллаж байна.

…Аймгийн
хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргаар Д.Ербол ажилладаг бол
удирдлагад нь хэлтсийн даргаар нь Х.Боранбай, К.Бибигүл, Х.Алия,
Х.Нуршырах, Б.Ерген, Ш.Рина, Х.Ризагүл, Е.Алтынбек нар ажилладаг.

…Баян-Өлгий
аймгийн уагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийн нэрсийн
жагсаалтаас харахад ч 1970-аад оноос хойш Ц.Авирмэд гэсэн ганц танил
нэртэй хүн хоёрхон сар ажилласан харагдана. Х.Сахай 1963-1973 он,
М.Турсанхан 1973-1977 он, Т.Менгельс 1977-1986 он, С.Халидолда 1986-1990
3 сар, Ц.Авирмэд 1990.03-1990.05 сар, С.Халидолда 1990. 5 сараас 1998
он, Т.Костёр 1998-2007 он, Т.Бакыт 2007.02-2012.09 хүртэл ажиллаж. Харин
цагдаагийн хурандаа К.Женисгүл 2012 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс
өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

Аймгийн харьяа алба,
агентлагийн цөөн жишээ энэ байна. Монголчууд бидний хэн маань ч ахан
дүүсэг хүмүүс. Өөртөө ойр байгаа итгэмжит хүнээ ажилд авах жишгээр
тооцон бодоход тус аймгийн төрийн алба агентлагийн ажилтнуудын дунд ямар
үндэстэн, ястан зонхилох нь хэнд ч ойлгомжтой байна. Төр засгийн ажлыг
насаараа хийсэн нэгэн буурай саяхан төрсөн бууц бууриа эргэхээр нутагтаа
очоод хад мөргөөд ирсэндээ сэтгэл гундуухан ийн өгүүлсэн юм. “Би Ховдын
өөлд хүн. Миний өвөг дээдэс гурван үеэрээ нутаглаж ирсэн хаваржаа,
өвөлжөөг маань Баян-Өлгийгөөс ирсэн нэгэн казах нөхөр бараг л өмчлөөд
авчихаж. Гуйж байж төрсөн бууцандаа  хөрвөөлөө. Айлын ганц хүү байж
нутгаа орхин хотод суурьшсан миний л хохь болж таарлаа” хэмээн ярьж
суухад нь эр хүний ховор нулимс үзэгдсэн юм. Хошин шогийнхны “Үхэртийн
хөндий” хөтөлбөрийн үнэн түүх тэнд өрнөжээ.

Наурызын баяраа
улсынхаа нийслэлд нүүлгэн ирсэн казах түмэн маань нэг л өдөр дарга
сайдуудыг үндэсний хувцсаар өвч гоёчихоод “Бид Баян-Өлгийн тусгаар улс
болъё” гэсэн хүсэлт гаргаад зогсч байх вий дээ.

М.СУРМАНБЕК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж