Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн багш ажилчид удирдлагынхаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийжээ. Тус коллежийн удирдлагууд олон жилийн турш сургуулийг удирдаж байгаа хэдий ч сургалтын чанар, орчин, ажиллагсдын ажиллах нөхцлийн талаар анхаардаггүй, удирдахуйн арга барил муутай, сургуулийн төсвөөс хувьдаа завшин хувийн компани мэт захиран зарцуулах нь хэтэрхий ил цагаандаа гарсан, хөдөлмөрийн хуулийг зөрчин ажилчны цалин хөлсийг сард 2 хувааж олгох ёстой ч “төвөгтэй” гэдэг шалтгаанаар сард 1удаа олгодог, багш ажилчдыг хөгжүүлэх, мэргэшүүлэх чиглэлд анхаардаггүй, сургуулийн үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ажиллагсдаа дур мэдэн тушаал бууруулдаг, ажлаас халдаг, хөдөлмөрийн гэрээнд өөрийн санаагаа нэмэлтээр оруулан ажиллагсдаар албадан гэрээ хийлгэсэн гэх зэрэг олон зөрчлүүдийг удаа дараа гаргасан учраас сургуулийн захирал Б.Бадрахыг огцрохыг шаарджээ. Харамсалтай нь Б.Бадрах захирал тэдний энэ шаардлагыг хүлээж аваагүйгээр барахгүй Ховд аймаг болон Улаанбаатар хотод амьдардаг Ховдын харьяат зарим нэр бүхий удирдах ажилтай хүмүүсээр өөрийгөө хамгаалуулан, албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ. Үүнийг эсэргүүцэн “Хөгжил” коллежийн багш ажилчид “Хөгжил” полетехник коллежийг шинэчлэх түр хороо байгуулан, захирал Б.Бадрах болон түүний хамаатан, найз нөхдийг сургуулийн удирдлагын албан тушаалаас огцрох хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэмцэхээ илэрхийлж байгаа ажээ.
Бид дараагийн олон жил энэ сургуулийг “өвдөг дээр нь сөхрүүлсэн” Б.Бадрах захирлыг хамгаалж хаацайлж байгаа хүмүүсийг нэрлэх болно.
Эх сурвалж: http://ugluu.mn/