Ханган нийлүүлэлт хумигдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Ханган нийлүүлэлт хумигдаж байна

Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн олон улсын хурлыг Монголд зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Эл арга хэмжээг Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулдаг ба өнөө жилийн үзэсгэлэнд Монгол, АНУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Австрали, ОХУ-ын төлөөлөл оролцож байгаа юм. Үзэсгэлэнд байрлуулсан томоохон тоног төхөөрөмжүүд бүгд гадаадын компаниудынх байсан бол хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран эдлэл, ажлын хувцас зэрэг овор хэмжээ багатай бүтээгдэхүүнүүд нь дотоодынх байсан юм. “Minetech” үзэсгэлэнг зорин ирсэн гадаадын компаниудын төлөөлөл өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж ханган нийлүүлэгчдийг ч цааш түлхэж байна хэмээн дүгнэж буйгаа дуулгаж байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль гэж үзэж байгаа гэнэ. Тэднийхээр хөрөнгө оруулалтын орчинг чөлөөтэй болгосноор уул уурхайн компаниуд хөрөнгөтэй байвал ханган нийлүүлэгчид ч тэднийг түшиглэн манай улстай хамтран ажиллах сонирхолтой байх болно гэж үзэж буй аж. 2012 оны өдий үетэй харьцуулахад гадаадын ханган нийлүүлэгчид Монголыг сонирхох нь багассан үзүүлэлт ажиглагдаж байгааг тэд онцолж байв. Учир нь гадаадын компаниудын нийлүүлж байгаа өндөр хүчин чадалтай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг дотоодын уул уурхайн компаниуд худалдан авах чадваргүй болж, тэдний гүйлгээ эрс багассан. Тиймээс ханган нийлүүлэлтийн орчинг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох тал дээр анхаарахыг гадаадын ханган нийлүүлэгчид хүсч байсан.

М.УЯНГА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж