Гэрээнд гарын үсэг зурахын өмнө барилгын материал нийлүүлдэг аж ахуй нэгжүүдээс цементийн задгай үнийг 175, ууттайг 165 мянган төгрөг байхаар гэрээнд тусгах санал гаргасан нь маргаан дагуулсан юм. Гэхдээ маргаантай асуудлаар талууд тохиролцож чадсан тул гэрээг үзэглэлээ.
Энэ талаар Цементийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Баатар “Манай холбоо гуравдугаар сарын 15-нд байгуулагдсан. Жилд гурван сая тонн цементийн хэрэгцээ байдаг. Барилга барьж байх ид үед цементийн үнэ нэмэгдэж 210 мянган төгрөг болж байсан. Тиймээс бид дунджаар задгай үнийг 170, ууттай үнийг 165 мянган төгрөг байлгаснаар үнийг нэмэгдүүлэхгүй байж, нийлүүлэх бүрэн боломжтой. Задгай цементийн хувьд ажиллагаа ихтэй, зардал ихтэй, технологи нь өөр байдаг үүднээс бид үнийг 170, 165 мянган төгрөгөөр байлгах санал дээр багагүй маргалдлаа. Гэхдээ хоёр тал ойлголцсон учраас гэрээнд гарын үсэг зурлаа” гэсэн юм.
Гэрээний дагуу Монголбанкнаас аж ахуйн нэгжүүдэд 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм. Эхний ээлжинд арматур, цемент үйлдвэрлэж буй 50 гаруй аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсны үндсэн дээр зээл олгох ажээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба “Аж ахуйн нэгжүүдэд 400 саяас дээш төгрөгийн зээл олгоно. Барилгын материалын үнэ долоо, наймдугаар сард хамгийн өндөр байдаг. Арматур нь 145, цемент нь 210 мянга хүрэх тохиолдол ч бий. Гэрээг байгуулснаар одоогийн байгаа үнэд нь барих боломж бүрдүүлж байна” гэлээ.
Орон сууцны үнийг тогтоворжуулах, иргэдээ хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулах зорилготой ажиллаж буй Барилга, хот байгуулалтын яамны зүгээс дээрх гэрээг байгуулснаар барилгын материалын үнийг тогтвортой байлгаж, цаашлаад орон сууцны метр квадратын үнийг 1-1,5 сая төгрөгт барих боломжтой гэж үзэж буйгаа онцоллоо.