
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан ”Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ыг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны ээлжит хурал болж, төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ ирүүлсэн 32 аж ахуйн нэгж байгууллагын 54 саналыг удирдах хорооны гишүүдэд танилцуулсан юм. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын явцтай Төслийн удирдах хорооны гишүүд танилцан холбогдох албан тушаалтнуудад зохих үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх 12 багц ажилд оролцох саналаа ирүүлж, эхний шалгаруултад тэнцсэн аж ахуй нэгж байгууллагатай хэлцэл хийхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нарт үүрэг болголоо. Мөн аж ахуй нэгж байгууллагуудтай хийх гурван талт гэрээний төслийг яаралтай боловсруулан танилцуулахыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нарт даалгалаа. Хурлаар нийслэлийн Засаг, захиргааны байгуулагуудыг шинээр байгуулахаар төлөвлөсөн хотын дэд төвийн бүсэд нүүлгэн шилжүүлэх тухай, СБД-ийн 7-р хорооллын сонгогдсон нутаг дэвсгэрт газар чөлөөлөх асуудлын явцын талаар хэлэлцсэн юм. 4 дүгээр сараас эхлэх бүтээн байгуулалтын ажлыг шалгуурт нийцсэн ямар компани хэрэгжүүлэхийг өнөөдөр олон нийт болон аж ахуй нэгжүүдэд нээлттэй зарлана
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.