Драмын урлагийнхан өчигдөр театрын баяраа ёсолж, “Гэгээн муза” наадмаа хийлээ. “Гэгээн муза”-г гэрээсээ зурагтаар үзэв. Гаднаас нь харахад, энэ наадмыг эвгүй, муухай харагдуулсан зүйл ямар олон байв аа.
Шууд дамжуулсан телевизийн эфирээр театрын жүжигчин бүсгүйчүүд бохь зажлан ширэв татаад л. “Театрын бурхад чуулсан ариун сүм”-ийн эзэд шүү. Үзэж суугаа хүмүүст ийм байдал шууд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Бас жүжигчдийн тайзан дээрээс урсгаж байгаа уртаас урт сунжруу үг. Шагнал авах үеийн таатай бус сэтгэл хөөрөл, үйл хөдлөл.
Оскар, Грэмми, Тони, Эми… Кино, хөгжим, драм, урлагийн дэлхийн хэмжээний том наадмууд дээр хэн ямар үг хэлэх нь маш том хүлээлт, нэг ёсондоо амьд шүүмж, уран бүтээлчийг тодруулж болох хамгийн товч дүгнэлт байдаг. Гэтэл манай зарим жүжигчид дугтуй задалж, нэрийг нь зарлахад ямар ч хувиралгүй хүлээж авснаа тайзан дээр гарахдаа амьсгаадаж ирээд, арай л эмх замбараагүй үг урсгах юм. Уран бүтээлчид нийгэмтэйгээ хамт биш нийтийн өмнө алхах ёстой гэдэг үнэн үгийг өчигдрийн “Муза” дээр нэг эрхэм сануулсан. Түүнийг драмын урлагт цэл залуугаараа байгаа зарим “Муза”-нууд тогтоочих хэрэгтэй.
Жүжигчид ийм байхад үзэгчдийг бүр ярилтгүй. Гэхдээ ийм олон жилийн театрын соёлтой орон гэхэд одоо болтол манай үзэгчид дунд гадуур хувцас, гар утастайгаа театрын зрителд суудаг хүмүүс байсаар байна. Жүжиг үзэхэд ч ийм л байдаг. Шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн өдөр ч бас тийм л байна. Театрт театрын СОЁЛ одоог хүртэл төлөвшсөнгүй.
Шууд дамжуулалт… Өөр ямар телевизүүд шууд дамжуулсныг мэдэхгүй. SBN сувгаар үзэв. Над шиг театрт очиж чадаагүй хүмүүс “Гэгээн муза” үзүүлсэнд нь баярлав ч хөтлөгчдийн чадваргүй байдал, хүн бүхэнд тоть шиг давтаж тавих асуултууд үнэхээр залхмаар байлаа. Ийм арга хэмжээний асуулт товч бас сонирхолтой байдаг. Гэтэл ихэнх тохиолдолд шагнал гардуулах ёслол шууд дамжуулж байгаа телевизийн сэтгүүлчид нэг асуулт асуух гэж баахан их юм ярих юм. Нэг үгээр хэлбэл асуулт, хариултын харьцаа 80:20.
Бас нэг бүдүүлэгдүү юм байна. Монголдоо л том ёслолд тооцогддог драмын наадам болж байхад дундуур нь оо, саван, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгсэл, юу юу байсан бэ… Арай л авцалдахгүй сурталчилгаанууд олон давтамжтай явлаа. Нээх сүрхий театраар амьсгалчихсан сууж байтал эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийн реклам гарч ирээд л уур амьсгал унтрааж байна. Энэ хэдийгээр хэвлэлийн байгууллагын дотоод асуудал боловч “Гэгээн муза” дундуур ямар сурталчилгаа явуулах нь телевизийн өөрийнх нь соёл, ёс суртахууныг илэрхийлж бас болно.
“Гэгээн муза” дуусах дөхөж байтал овоо дориун уран бүтээлчид гэж боддог байсан “Мөрөөдлийн театр”-ын хэдэн залуус тайзан дээр жинхэнэ тэнэглэл дагуулан гарч ирэв.
…Ногоон дээлтэй ирсэн Ногоон дарь эх шиг Цэрэнсамбуу ахдаа мөргөе /УДЭТ-ын захирал/, Цагаан дарь эх шиг Сувд багшдаа мөргөе, Баяннамсрай бурхан шиг хэндээ ч мөргөе гэнэ үү. Жинхэнэ хошин шогийн шоу… Яагаад ч энэ гурван залуу ийм том ёслолын тайзан дээр дуулах болсон юм, яагаад ч заавал очиж очиж тэнд маазрах ёстой байсан юм, бүү мэд. Б.Баатар найруулагчийн хүндэтгэл үзүүлсэндээ таягаа үлдээж гарсан театрын тайзан дээр “Мөрөөдлийн театр”-ын гурван залуу эв хавгүй зогсч байгаад дуу дуулчихаад бууна лээ. Эрхэмээ, Батаа, Шагай гурвыг ийм хэмжээний сэтгэлгээтэй залуус гэж ёстой санасангүй.
Эцэст нь, их театрын баярын өдрийн мэндийг “Гэгээн муза”-д ирсэн, ирээгүй бүх уран бүтээлчдэд. Гранпри хүртсэн “Эсрэг дурлал” жүжгийн баатрууд, драмын урлагт хол давхиатайгаа нотолсон “ТВ коктейль”-ын залуус, орон нутагт театрын урлагийг услан тордож байгаа нийт жүжигчин, найруулагчдадаа үзэгчийн хувьд талархлын үг дайж байна.
Энэ наадмаас агуу “Гамлет”-ыг 33 жилийн дараа театрын тайзнаа авчирсан найруулагч Н.Наранбаатарын баг сэтгэл дундуур үлдсэн байж мэдэх. “Гамлет” яасныг асууж, сураглаж, мэтгэлцэх хүмүүс яг одоо эргэн тойронд маань мэр сэр байна. Энд нарийн ширийн мэргэжлийн асуудал, шүүлтийн талаар энд дүгнэлт хийсэнгүй. Гэхдээ “Гэгээн муза”-г эрхэмсэг, ихэмсэг наадам болгох ёстой шүү.
Нэг зүйлийг мартаж, театрын жүжигчид өчигдөр их “ууртай”, уйтгартай, нэг л баясалгүй харагдаж байна лээ.
Наадмын шилдгүүд:
Драмын жүжгийн төрөлд:
- “Шилдэг найруулагч” – Ч.Найдандорж, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
- “Шилдэг тайзны зураач” – Т.Ганхуяг, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
- “Шилдэг хөгжмийн зохиолч” – С.Сансаргэрэлтэх, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
- “Шилдэг эмэгтэй гол дүр” – Цэнд-Аюуш, "TV Cocktail" продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр
- “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Энхбаяр, "TV Cocktail" продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
- “Шилдэг эмэгтэй туслах дүр” – Ж.Оюундарь, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр
Инээдмийн жүжгийн төрөл:
- “Шилдэг найруулагч” – Н.Пүрэвдорж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
- “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнбаатар, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – А.Баярсайхан, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр
Хүүхдийн жүжгийн төрөл:
- “Шилдэг зохиолч” – Ц.Хулан, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
- “Шилдэг найруулагч” – Ч.Түвшин, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгээр
- “Шилдэг тайзны зураач” – Б.Бямбацэрэн, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
- “Шилдэг хөгжмийн зохиолч” – Б.Мөнхболд, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ч.Түвшинжаргал, Архангай аймгийн ХДТ-ын
бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн Чипполиногийн дүрээр
- “Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын
бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүрээр
- “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Ц.Цэрэндорж, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр
Нэг хүний жүжгийн төрөл:
- “Шилдэг зохиолч” – Д.Урианхай “Цонхоор харсан хүн”
- “Шилдэг найруулагч” – Б.Баатар, “Би Эдит Пиаф байна”, “Цонхоор харсан хүн” жүжгүүдээр
- “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнэбаатар “Хоосон зүүд” жүжгээр
- “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ментор Зумбираж, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
- “Шилдэг эмэгтэй гол дүр” – Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр “Алтан муза” гардлаа.
“Гэгээн муза” наадмын зохион байгуулагчдын нэрэмжит шагнал
- ССАЖЯ-ны нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” – "Эсрэг дурлал” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамир
- “Шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал”-аар – "Гамлет” жүжгээр МУСТА, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар
- "Хүндэт Муза"-гийн эздээр – УДЭТ-ын ахмад уран бүтээлч, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, УДЭТ-ын хүндэт ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Доржсүрэн нар тус тус шалгаран, “Алтан муза" гардлаа.