Нийслэлд түгээсэн төслийн зуух хэрхэн хөдөөг зорьсон бэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Нийслэлд түгээсэн төслийн зуух хэрхэн хөдөөг зорьсон бэ?

Улаанбаатарын агаарыг бохирдлоос ангижруулахын тулд сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний ихэнх нь иргэдэд хүрсэн гэж “Цэвэр агаар” сангийн тэргүүн Н.Хүрэлсүх хэлж байна. Нийслэлийн гэр хороололд бүртгэлтэй 185 мянган өрхийн 100 мянгад нь бүрэн шаталттай утаа бага гаргадаг зуух, гэрийн дулаалгаар хангах, хийн болон үртсэн түлш хэрэглэсний хөнгөлөлт, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны зөрүү зэрэгт зориулсан мөнгөний хэмжээ ийн 60 тэрбумд хүрсэн гэдгийг тэрбээр онцлов. Харин сэтгүүлчдийн зүгээс агаарын бохирдол яг хэдэн хувиар буурсан бэ, нийслэлд агаар цэвэршүүлэхээр тараасан зуухыг хөдөө орон нутгийн айл өрхүүд хэрэглэж байгаагийн учир юу зэрэг адармаатай асуултаар түүнийг “булж” орхив. “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нарын хариултыг доор сийрүүлэв.

-Агаарын бохирдол буурсан уу. Буурсан бол яг хэдэн хувиар?

Ч.Батсайхан:
-Агаарын бохирдлын асуудал сүүлийн 20 жилийн турш яригдаж байгаа ч яг хөрөнгө мөнгө гарган, анхаарлаа хандуулсан нь сүүлийн хоёр жил шүү гэдгийг энд тодотгоё. Агаарын бохирдол 18,4 хувиар буурсан гэсэн статистик мэдээ гарсан.

-Утаа бага гаргадаг зуухыг зөвхөн нийслэлд тарааж байгаа. Зөвхөн нийслэлд өгч буй зуухыг Булган, Өвөрхангайд ашиглаж байхтай тааралдсан. Зуухыг хороодын дарга нар ах дүүстээ өгдөг гэдэг нь үнэн юм биш үү?

Н.Хүрэлсүх:
-Бидний хамгийн эхэнд тавьсан зорилго бол агаар бохирдуулагч гол хүчин зүйл болсон гэр хорооллын зуухыг солих юм. Хэрэв зуухыг зуун хувь сольчихвол утааны 60 хувь буурна гэж тооцож байгаа. Зуухыг нэг айлд 80-95 хувийн хөнгөлөлттэй үнээр хүргэж байгаа бөгөөд зөрүү мөнгө нь иргэдэд хөнгөлөлт, татаас болон хүрч байгааг иргэд  сайн ойлгохгүй байх шиг санагддаг. Зуухыг хорооны дарга, ажилтнууд харъяаллын бус айл өрхүүдэд олгосон тохиолдол мэр сэр гарсан. Хойшид алдааг давтахгүйн тулд хороон даргын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгон оруулсан. Иргэд өөрсдөө төслийн шугамаар хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа 100-150 мянган төгрөгөөр дамлан худалдсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа.

Түүнчлэн хөдөө орон нутагт ч агаар бохирдох болсноос зарим аймгаас утаа бага гаргадаг зуух нийлүүлээч гэсэн хүсэлт ирүүлсэн. Хөвсгөлчүүд ой модоо түлээд дуусах нь ээ гэж буй бол Баянхонгорынхон загаа хамгаалах үүднээс төслийн зуух авахаар санал ирүүлээд байна. Дархан-Уул, Орхон, Ховд аймгийнхан ч бидэнд хандсан. Нийслэлийн зарим айл өрхүүд зуслангийнхаа байшинд зуух авъя гэдэг. Энэ бүхнийг судалж байна. Одоогийн байдлаар агаарын бохирдол нь стандартаас давсан долоон аймаг бий. Тэдний асуудлыг эхэлж шийдэхээр ярилцаж байна.

-Агаарын бохирдлыг бууруулахад санаачилга гаргасан иргэдэд хөнгөлөлт үзүүлдэг гэлээ. Энэ талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй байх шиг?

Н.Хүрэлсүх:
-Айл өрхүүд үртсэн болон хийн түлш хэрэглэсэн тохиолдолд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, цахилгаан халаалт тавьсан бол шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлж байгаа. Энэ мэт олон ажил хийж байгаа ч иргэд идэвх санаачлага гаргахгүй хойрго хандсан хэвээр байна. Энэ жил л гэхэд хөнгөлөлтөд 2,5 тэрбум төгрөг төсөвлөсөн байтал материалаа бүрдүүлж өгсөн иргэн цөөн байгаагаас 800 сая төгрөг л олгосон.

-Нийслэлийн гэр хорооллоос гадна нам даралтын зуухнаас болж агаар их бохирддог. Нийт хэчнээн нам даралтын зуух байна вэ?

Ч.Батсайхан:
-Усан холболттой нам даралтын зуух тавьсан айл өрхийн тоо 20 мянгад хүрсэн. Харин 100-200 кВт цагийн хүчин чадалтай зуух 2000 гаруй, 200-гаас дээш хүчин чадалтай нам даралтын зуух 217 бий. Эдгээрийг татан буулгаж, төвийн шугаманд холбох ажлыг төлөвлөгөөнд оруулсан.

-Агаар бохирдуулсны төлбөр авдаг болно гэж байгаа. Хэзээнээс хэрхэн авч эхлэх юм бэ?

-Агаарын бохирдуулсны төлбөр хураамж авах журам батлагдсан. Төслийн зуух аваад агаар бохирдуулахаас залсхийж чадсан айл өрхүүд төлбөр төлөх биш, харин ч хөнгөлөлт эдэлж байгаа. Төслийн зуух авчихаад зориулалтаар нь ашиглаагүй бол торгууль төлнө. Албан байгууллагуудаас ч  агаар бохирдуулсны төлбөр авдаг болно. Журам хэрэгжиж эхлэх үед илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ гэлээ.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж