
Гомдол гаргасан үйлчлүүлэгч тухайн салоноор үснийхээ өнгийг өөрчлөхөөр хандсан байна. Салоны зүгээс түүнд үсний өнгө цайруулах супра хэмээх бодисыг ойр ойрхон хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулсан ч үйлчлүүлэгч өөрөө шаардан супра хийлгэсний улмаас үснийх нь үзүүр хугарч гэмтсэн байна. Үүний дараа үйлчлүүлэгч бүсгүй хэсэг хүмүүсийн хамт уг салонд ирэн ажилчид руу нь дайрч доромжлон хэрүүл, зодоон хийн цагдаа дуудаж “Би жирэмсэн байсан, намайг бүлэглэн зодож үр зулбууллаа” хэмээн гомдол гаргаж, тус салоноос мөнгө нэхэмжилсэн байна.
Үйлчлүүлэгчийн гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас тус салоны бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан дүгнэлтээр тус салоны ашиглаж байсан бүтээгдэхүүнд үнэртэн гоо сайхны үйлдвэрлэлд тавих шаардлагыг хангасан, хүний биед хоргүй гэсэн шинжилгээний дүн гарсан байна. Мөн тус салоны гурван ажилтныг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалган уг хэрэгт холбогдолгүй болохыг нь тогтоож, Баянгол дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тиймээс өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар тус салоны гурван ажилтан гэм буруугүй болохыг өмгөөлөгч, хуулийн зөвлөх Б.Бүрнээ танилцуулсан юм. Уг асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газарт дөрвөн сар шалгасны эцэст хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол өнгөрөгч нэгдүгээр сард гарчээ. Уг хэрэгт холдбогдсон сэжигтэн В.Хавараа, В.Чимгээ, В.Наранмандал нарыг дээрх хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон гурван тогтоолыг өмгөөлөгч нь танилцууллаа. Мөн гомдол гаргасан бүсгүй жирэмсэн байгаагүй гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. Тиймээс гомдол гаргасан бүсгүйн хувьд үндэслэлгүйгээр тухайн салоны нэр төрийг гутаасан хэмээх асуудал өнөөдөр яригдаж байгаа юм байна.
“Shining” салоны тухайд 2009 онд үүдээ нээсэн ч үсчин, гоо сайхны чадварлаг багтай, үйлчлүүлэгчдийн дунд нэр хүнд нь өсч байгаа чадварлаг хамт олон гэдгийг байнгын үйлчлүүлэгчид нь хэлдэг. Тус салоны хамт олон 2009 онд Бээжин хотноо болсон Азийн үсчин гоо сайханчдын уралдаанаас хоёр удаа алтан медаль, 2010 онд БНСУ-ын Үсчин, гоо сайханчдын холбооноос зохиосон тэмцээнээс нэгдүгээр зэргийн шилдэг үсчиний шагналыг авч, 2011 онд Улаанбаатар хотын топ 5 үсчин, гоо сайхны саолноор шалгарч байжээ. Тус салон нь ажилчдаа мэргэжил дээшлүүлэхээр Бээжин, Тьянжин, Хөх хот, Гуанжу зэрэг газруудад сургалтад байнга хамруулдаг гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.