Сүргийн манлай болоорой

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Сүргийн манлай болоорой

Урин хавар нэгэн өдөр эгэл малчны хотноо нялх төлийн дуу цангинаж, хурга ишиг хотондоо тоглох нь малчин хүний сэтгэлийг баясгана. Малчид төл малаа ирээдүйн хямдхан үнэтэй мах мэтээр ярьдаг хүмүүс дургүй гэнэ.  Учир нь мал өслөө гэх юм. Тэгтэл  махны үнэ буурахгүй байна гэж хаа нэгтэй хүмүүс ярихыг малчид сонсох аж.

Хаврын улирал гэдэг малчин хүний тэсвэр хатуужлыг шалгадаг басхүү баяр гунигийг хослуулдаг цаг үе юм. Хүйтний эрч суларч, урин дулаан цаг наашилсан ч “хаврын тэнгэр хартай” гэдгийг малчин хүн андахгүй. Өглөө нар ээн цаг агаар тогтуухан байвч бага үдийн хэрд гэнэт тэнгэр харанхуйлан цасаар шуурах бол энгийн зүйл. Бас өглөө малаа бэлчээрт гаргах аргагүй болтол цасаар шуурч байснаа өдөр тэнгэр гийж, юу ч болоогүй мэт нар ээх нь бий. Хатуухан өвлийг давж, тарга тэвээргээ алдсан мал хаврын улиралд хамгийн ихээр арчилгаа шаардана. Харин хахир, хайлган хаврын улирлыг, хатуужил үзсэн малч хүний сэтгэлийг бяцхан төлийн зөөллөдөг ч юм шиг. Эхийнхээ уургийг цадталаа хөхөөд, хотоо тойрон тоглох бяцхан ишиг, хургаа харсан малчин хүн “Сүргийн минь манлай болно доо” хэмээн өхөөрдөнө. Малчин хүн жилийн дөрвөн улирлын турш 24 цагийн ажилтай байдаг. Малчид бүх нийтийн амралтын өдөр, төрсөн өдөр, мартын 8-н, цэргийн баярын өдөр тохиовч, буянт малаа сүргээ эзэнгүй орхисон удаа үгүй. Унтахдаа хүртэл сонор сэрэмжтэй байж, малынхаа төлөө санаа зовнино. Гэсэн ч малчин хэмээх монгол “мэргэжлээ”, нүүдэлч хэмээх түүх соёлоо хадгалж буйгаараа тэд бахархах ажээ.

Говь-Алтай аймгийн Цээл сум. Баянгол баг. Малчин Х.Лхагвын хот.

Өглөөний нартай уралдан, “илүү” гэртээ хашсан ишгээ эхэд нь олгохоор яаравчиллаа. Сумын төвөөс бага охин нь аав, ээждээ туслахаар дөнгөж ой гарантай Мишээл охинтойгоо иржээ. Зээ охин нь сэрсэн тул өвөө үүрсэн харагдана. Зээ охиноо үүрсэн ч юунд түүртэлгүй хотондоо яваа энэ ахаар бахархлаа. Мань шиг л “Хүүхэд харж байна” гээд нөгөө ажлыг орхихгүйг  хараад суралцмаар юм шиг.

Ишиг хүйтнийг тэсвэрлэхдээ муу, өсч том болтлоо туйлын их арчилгаа шаардана.
Ямаа төрөх үеэс эхлэн, малчид ишгэндээ зориулсан тусгай байрыг бэлтгэнэ. Түүндээ ишгээ дааруулалгүй дулаан хонуулаад өглөөд ийнхүү эхэд хөхүүлэхээр яарсан нь энэ. Гэрээс гарсан ишгийнхээ дууг сонсоод дулаан хэвтэртээ хэвэн хэвтэх эхүүд ухасхийн босч харагдана. Харин зарим нэг ямаа хаврын хавсарга, салхинаас халширснаас ч тэр үү эзнээ ишгийг нь авчирч өгтөл хэвтрээсээ боссонгүй. Борлон бололтой нэг ямаа өөрийг нь дууриалгаад зурчихсан мэт төрүүлсэн ишгээ голон, цатгахгүй байгааг малчин эзэн мэдэв. Уургандаа цадахгүй байгаа ишгийг угжихаар боллоо. Энэ ишиг “Угжаа” гэдэг шинэ нэртэй болов.

Ийнхүү өглөө эрт ишгээ хөхүүлэх нь өдөржин цатгалан байх, хүйтэн даарахгүй өлчир, хурдан өсч том болохын үндэс болдог гэнэ. Үүний дараа малаа бэлчээх боллоо. Одоо хурга, ишгээ эхээс ялгаж авч үлдэх ажил эхэлнэ. Эхээсээ салахгүй гэсэндээ хурга, ишигнүүд хэрэндээ л тэмцэж байна. Хотон дотор тоос босгон удаан гэгч хурга ишиг хөөцөлдөн гүйлээ. Ишиг, хурга бүрийг нэг бүрчлэн барина гэвэл сүүлдээ эцэх шинжтэй. Харин хонио бөөгнөрүүлсэн нь хурга, ишгийг ялгахад амар боллоо. Бөөгнөрсөн малын захаар цугласан ишиг хурга өөрсдөө ялгарч, биенээ даган хад дамжин гүйлдлээ.

Харин хурга бол төрсөн цагаасаа эхлэн, эхийн нөмөр нөлөөлөгт бойждог. Хурга эзнээрээ төдийлөн арчлуулалгүй төвөггүй өсч, торнидог. Бага үдийн хэрд том болсон хурга, ишгээ бэлчээрлүүлэх боллоо. Ер нь малчид хурга ишгийг 20-оос дээш хономогц өвс идүүлж сургадаг. Дахиад л хотон дотор өтөг босгон, бөөн хөөцөлдөөн боллоо. Хурга, ишигнүүд хашаа, хотны хад дамжин гүйлдээд хэр барагтаа бол гүйцэгдсэнгүй. Арайхийн хотноос гаргалаа. Холгүйхэн бэлчээрлэсэн хурга, ишиг эгээтэй л бүдүүн хонь, ямаа шиг газар луу тонголзоно. Харин амандаа хөндлөн ганц нэгхэн өвс зуусан хурга, ишгээ харсан малчин “Тун удахгүй өвсөнд орох нь ээ” гэлээ. Ингээд хэсэг байтал зарим ишиг залхуурсан мэт хэвтэж эхлэв. Хэвтсэн ишгийг босгохоор очтол цаана нь “идээшилж” явсан хэд хотныхоо зүг хар хурдаар “зугтчихлаа”. Ийнхүү ишиг хурга хариулах “даалгавар” авсан би ердөө 30 минут болоод гэрт эргэн ирлээ.

-Ишиг хүний хаашаа хөдлөхийг анддаггүй гярхай, сэргэлэн хот амьтай төл дөө гэж малчин Х.Лхагва шоолонгуй угтлаа.

Говь-Алтай аймгийн Цээл сумд 45 мянган мал төллөнө. Үүний 50 орчим хувь нь төллөөд байна. Төл 91 хувьтай бойжиж байна гэдэг сайхан мэдээг дуулгалаа.   

“Төлөөр баяжиж, шөлөөр цаддаг” хэмээх монгол ардын зүйр үг бий. Эзнийхээ сэтгэл баясгасан, төлүүд минь сүргийн манлай болоорой.

Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж