
Мөн төсөлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг цуг гардуулан өгчээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл төсөлтэй тавдугаар сарын 18-нд танилцсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн сонгон шалгаруулалтын журмыг боловсруулахдаа аль болох Монголын компаниудаа оролцуулах чиглэлийг барьж байгаа гэж мэдэгдэж байсан.
ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжид “Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Монгол Улсын хуульд нийцүүлэн хийж,
ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 100 хувь төрийн өмчит компанийн
мэдэлд байлгаж, цаашид орд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий төрийн
өмчит компанийн хувьцааг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх
арга хэмжээг холбогдох хуулийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх”
чиглэлийг Засгийн газарт өгч, нүүрсний нөөц олборлолтын
нөхцөлийг харгалзан Тавантолгойн ордын тодорхой хэсгийг хамтран ашиглах
хөрөнгө оруулагчдын урьдчилсан сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод
хэрэгжүүлж, яриа хэлэлцээр явуулахыг Ерөнхий сайд С.Батболдод үүрэг
болгосон байна.
Тавантолгойн ордыг хамтран ашиглах
хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтын талаар
-Урьдчилсан
сонгон шалгаруулалт, яриа хэлэлцээг улс орны хөгжлийн гадаад таатай
орчинг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг
бэхжүүлэхэд чиглүүлэх.
-Хөрөнгө оруулагчдын туршлага, санхүүгийн
чадвар, байгаль орчинд ээлтэй технологи, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө,
стандарт, бүс нутгийн дэд бүтэц, усны хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүний
үнэ, зах зээл, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах санал зэрэг
шалгуур үзүүлэлтээр шалгаруулах.
-Хот төлөвлөлт, ордыг
түшиглэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц, зам, тоног
төхөөрөмжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт
/Европын холбоо/-ыг баримтлан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой
уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах гэсэн үндсэн
асуудлуудыг Засгийн газарт чиглэл болгосон ажээ.
Түүнчлэн
Тавантолгойн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад гадаадын аж ахуйн
нэгжийг оролцуулах бол нэг компани буюу консорциум гэсэн зарчим
баримталж, яриа хэлэлцээрийн дүнг ҮАБЗ-д урьдчилан танилцуулахаар
заасан байна.
ҮАБЗ-ийн Тавантолгойн талаар хэлэлцэхдээ
зөвлөмжөөс гадна тэмдэглэл гаргасан байгаа. Уг тэмдэглэлд “…Монгол
Улсын Засгийн газраас ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-д танилцуулах
баримт бичигт ҮАБЗ-ийн зөвлөмжийн заалт, чиглэлийг тодруулан тусгаж,
ҮАБЗ-ийн ажлын албаны болон шинжээчдийн санал дүгнэлтийг тухай бүр
харгалзан хэлэлцэж байх”. “…Өнгөрсөн хугацаанд болон цаашид
Тавантолгойг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт,
ярианы тэмдэглэл, саналыг Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж хувийн хэрэг
үүсгэж ажлын хэрэгцээнд ашиглаж байх”. “…Тавантолгойн уурхайн ашиглалт,
дэд бүтэц барьж байгуулах асуудлыг “Өмнийн говь” төсөлтэй уялдуулан
УИХ-д оруулах” гэсэн үндсэн асуудлыг тусгасан байна. ҮАБЗ-ийн
дээрх зөвлөмж нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиар заавал хэрэгжих
ёстой байдаг аж.
А.АНУ