“Интер ном”-д гурван номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

“Интер ном”-д гурван номын нээлт боллоо

Өчигдөр “Интер” номын дэлгүүрт гурван номын нээлт боллоо. Монголын анхны үндэсний либертари зохиогч Б.Батчулууны “Эрх чөлөөний дайсан” ном, Роберт Каганы “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь” орчуулгын ном, Бернхард Буеб “Сахилга батыг магтах нь” орчуулгын номын нээлт болсон юм. Тус гурван номыг та худалдан авахыг хүсвэл “Интер” номын дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд ном тус бүрийн талаар товчхон хүргэе.

Б.Батчулуун “Эрх чөлөөний дайсан” ном:
Зохилчийн үг: Би номоороо дэлхий ертөнц, амьдралыг үзэх монгол хүний үзэлд хувьсгал хийхийг үнэхээр хүсэж байна. Мэдээж, энэ хувьсгал буу зэвсэг барьж, гудамжинд хийдэг хүчирхийлэлт хувьсгал биш. Айн Рэнд “жинхэнэ хувьсгал гудамжинд биш тархинд гардаг” гэж хэлсэн байдаг. Тэр утгаар ярьж буй хэрэг шүү. Би, иргэдэд индивидуаль ухамсар төлөвшиж, бидний бүх амьдрал “төрд буй хүмүүсээс” хамааралтай хэмээн боддогоо больж, улс төрчдийн заль мэхэнд орохоо болиосой гэж хүсэж байна….
….Жирийн иргэд эрх чөлөөнийхөө төлөө өөрсдөө тэмцдэг болоосой гэж хүсэж байна. Бид улс төрчдийн сорон мөлжигч амьдралыг байх ёстой зүйл мэтээр үзэж түүнд дасаад эхэлбэл өөрсдийгөө “боолчлол” уруу улам гүнзгий шигтгэж байна гэсэн үг. Дэлхийд анх удаа хамгийн эрх чөлөөт улс-үндэстнийг төлөвшүүлэх үйлсэд хүчин зүтгэж байх үедээ Томас Жэффэрсон иргэддээ хандаж “Сонор сэрэмж бол та эрх чөлөөтэй байсныхаа төлбөрийг хийж буй хэрэг юм шүү” гэсэн байдаг. Тэгэхээр төлбөрөө хийхгүй бол эрх чөлөөгөө алдах болно. Бид энэ бүхнийг хэлэхдээ хүмүүст зааж зааварлан амьдралыг нь захирч байна гэж бодохгүй байна. Либертари үзлийг баримтлах уу, үгүй юү гэдэг бол хувь хүний бүрэн эрхийн асуудал. Гагцхүү либертари зарчмын тухай хүмүүс сонсож дуулсан байх ёстой гэсэн үүднээс энэ номыг бичсэн хэрэг.

Бернхард Буеб “Сахилга батыг магтах нь”

Сахилга бат гэдэг үг бараг мартагдах дөхөөд байна. “Социализмыг бүтээн байгуулахаар” үр хүүхдээ ч үл хайхран нийтийн төлөө зүтгэж байсан үеийнхэн одоо зах зээлийн хатуу шалгуурыг давахын тулд мөн л амьдралын төлөө “бүхнээ зориулан” зүтгэцгээж байна. Нэгэнт ихэнх цагаа хамт өнгөрөөдөг эцэг эх нь “хүмүүжүүлэх завгүй” болохоор хүүхэд “зөнгөөрөө, эрх дураараа нэгэн” болон хүмүүжсээр… Хичээлийн хэдхэн цагт яаж ч чадахгүй, сурагчдадаа “хатуухан” арга хэмжээ авчихвал хоолноосоо ч салж мэднэ гэж айсан багш нар дэмий л “одооны хүүхдүүд нэг л бишээ” гэцгээх боллоо. Үүнээс гарах гарц нь аль аль талаасаа хүүхдэд илүү их анхаарч, хүүхдийг зүгээр гуйж аргадах, өөрт нь найдаж орхих бус харин “сахилгажуулах” арга хэмжээг таарсан тунгаар авч, зөв тийш нь залж байж, хүмүүжиж төлөвшиж чадсан хүүхэд сургуульд ч амжилттай сурдаг, хожмоо амьдралаа ч зөв авч явдаг гэдгийг л зохиогч анхааруулж бодитой жишээнүүдээр тайлбарлажээ. Энэ бол ганцхан монголд ч тохиолдоод байгаа бэрхшээл биш. Германы түүхэнд фашист үзлийн үлдээсэн ул мөр өнөөг хүртэл арилахгүй, сахилга батын тухай ойлголтыг зүй ёсны асуудлын хэмжээнд авч үзэхэд саад болж ирснийг энэ номонд тодорхой өгүүлэх бөгөөд, харин манайд 1990 оноос хойш фашизм биш ардчилал эрх чөлөө хэмээх нэрийн дор хүмүүс бүхэлдээ сахилга батын доройтолд орж, өнөөгийн эмх замбараагүй бүхний эх сурвалж тавигдсаныг хэлж болмоор санагдана.

Роберт Каган “Түүх эргэн ирж мөрөөдөл төгссөн нь”

Барууны нөлөө бүхий стратегич Роберт Каганы “Түүхийн төгсгөл ирлээ” хэмээх нэн сонирхолтой номыг танд толилуулж байгаадаа таатай байна. Энэ бол либерал ардчилсан орнуудад тулгарч байгаа хүндхэн сорилтуудын тухай, тэдний мөрөөдөл худал байсныг хурц тодоор харуулсан зохиол юм. Сүүлийн хорин жил монголчууд бид цоо шинэ үзэл бодол, мөрөөдөл бүхий шинэ цаг үед амьдарч байна. Бид ардчилалд “эргэж буцалтгүй” орсноо тунхаглан, “Империализм бол капитализмын сүүлчийн шат мөн, Даян дэлхийд коммунизм ялна” хэмээх В.И.Ленин багшийн үгийг мартаж амжив. Удалгүй Франсис Фукуямагийн “Түүхийн төгсгөл ирэхэд, либерал ардчилалд үзэл суртлын ноцтой өрсөлдөгч үлдсэнгүй” хэмээх алдарт үгэнд бүрэн итгэв. Тэгээд бид орчин цагийн ардчилсан ертөнцөд маань үзэл суртлын зөрчил арилж устаад, олон улсын шинэ эмх журам үүсч байна гэж харж байлаа. Гэтэл Роберт Каган “дэлхий ертөнц эргээд хэвэндээ орлоо … энэ нь хоосон зэрэглээ байжээ. Дэлхий ертөнц хувирч өөрчлөгдсөнгүй”, “Орос, Хятадад дарангуйллын дэглэм өндийж … Бид зөрөлдөөний эрин үед эргэн оржээ” гэсэн гаргалгаа бүхий энэ номыг хэвлүүлэн олныг шуугиулсан юм. Одоо энэ ном монгол хэл дээр гарч, таны гарт очиж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж