Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл чийрэг Монгол хүн бүрэлдэхүүн хэсгийн бодлого шийдвэрийг товч танилцуулаад эрүүл мэнд гэж юу болох, эрүүл мэндэд бусад салбар хэрхэн оролцдог талаар мэдээлэл хийлээ.
Иргэдийн зүгээс 14-өөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулж байх, найр наадмыг багасгаж, жилд 5 баярыг тэмдэглэдэг байхад болно. аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэх, усны чанарт анхаарах, залуусыг эрт босгож дасгал сургуулилт хийлгэх, хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвд Уламжлалт эмчилгээний тасгийг нээн ажиллуулах, Аймгийн хэмжээнд уламжлалт эмчилгээний эмнэлэгтэй болох, архидалттай тэмцэхэд дорвитой арга хэмжээ авах, эрүүл мэндийн ахмад ажилчдыг харж хандаж байх, фитнес, чийрэгжүүлэлтийн төвийг бий болгох зэрэг олон санал санаачлагуудыг ирүүлсэн байна.
Сайдын зүгээс санал, асуултуудад тодорхой хариулт өгч, тус аймгийн 2011 оноос хойш тамхины эсрэг авч хэрэгжүүлсэн ажлыг үнэллээ. Түүнчлэн Сүхбаатар аймагт хамгийн их өвчилж буй элэгний хор хавдрын эсрэг энэ онд томоохон ажлыг зохион байгуулахаа Сайд цохон хэлэв.
Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Эрүүл мэндийн сайд өөрийн биеэр ирж аймгийн ажил байдалтай бодит байдалтай танилцсанд талархал идэрхийлээд, Сайдын танилцуулсан мэдээллээс олон зүйлийг, ялангуяа эрүүл мэндэд хувь хүний оролцоо 55 хувь байдаг гэдгийг мэдэж авснаа хэлж байв.
Тэрбээр Сүхбаатар аймаг 2010 оныг “Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”, 2011 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”, 2012 оныг “Эрүүл орчин бүрдүүлэх жил” болгон зарлан ажилласан. 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл иргэдийн дунд нийтийн гүйлтийг зохион байгуулж, тэднийг витаминжуулах, өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж байхад нь анхаардаг. Засаг даргын нөөцөөс жил бүр хөрөнгө гаргаж бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах талаар оношилгоо, эмчилгээний ажлыг хийж, 100 гаруй эмчийг гадаад дотоодод аялуулах, аль болохоор мэдлэгийг нь дээшлүүлэх ажилд анхаарч буйгаа дуулгалаа. Мөн бүтээн байгуулалтын хувьд 50 ортой төрөх эмнэлэг, Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг барих, Уламжлалтын төв, усан бассейныг нэгдсэн байдлаар барих төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа хэлэв.
Нээлттэй хэлэлцүүлгийн өмнө Сайд тус аймгийн Эрүүл мэндийн газар ажиллаж, ажилчдын санал хүсэлтийг сонссон юм. Сүхбаатар аймгийн хувьд 55648 хүн амд анхдагч болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2012 оны байдлаар түргэн тусламжийн 17861 дуудлага ирснээс 4606 нь алсын дуудлага байжээ.
Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдрийн хүрээнд “Эрчүүдээ хайрлая” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна. энэ үеэр зурагт хуудас, ярилцлага хийж, зөвлөмж өгсөн ба спортын арга хэмжээ, азын сугалааг явуулжээ. Мөн “Эрүүл мэндийн эрхийн бичиг”-ийг ирэгдэд тарааж хүмүүсийн дунд үзлэг, шинжилгээг зохион явуулсны үр дүнд нийт 300 гаруй хүн оролцсон байна. Аймгийн ЭМГ-ын зүгээс тус аймагт хуваарилж буй эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлэх, НЭМХ-ийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг нэгдсэн журмаар гаргаж мөрдүүлэх, сум, өрхийн ЭМТ-д НЭМ-ийн дээд мэргэжилтэй арга зүйчийг орон тоогоор ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх, ЭМГ-ын мэргэжилтний тоог нэмэгдүүлэх, эх барих эмэгтэйчүүдийн эмчийн тоог нэмэгдүүлэх, АНЭ-т тусгай тоноглогдсон яаралтай тусламжийн зориулалтын автомашинтай болох, түргэн тусламжийн автомашины шатахууны нормыг нэмэгдүүлэх, алсын түргэн тусламжийн автомашинуудад GPS, байршил тогтоогчтой болох, байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв байгуулах зэрэгт дэмжлэг хүсэж буйгаа танилцуулсан юм.