Цацрагийн аюулгүй байдлын талаар сургалт болов

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Цацрагийн аюулгүй байдлын талаар сургалт болов

Монгол Улсад цөмийн технологийг практик салбаруудад  хэрэглэж байна. Тэр дундаа судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген багаж, тоног төхөөрөмжийг түлхүү хэрэглэж, төрөл бүрийн хэмжилт, судалгааны ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хийж байгаа аж. Энэ хэрэглээнд нийцсэн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал чухал ач холбогдолтой тул байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтээр Цөмийн энергийн газар, Геологийн төв лаборатори хамтран хоёр өдрийн турш  “Судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цацрагийн хамгаалалтын сургалтыг зохион байгуулав.

Сургалтанд Геологийн төв лаборатори, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, SGS Mongolia”, ШУТИС, Байгаль орчин хэмжил зүйн лаборатори, “Эрдэнэт” үйлдвэр, “QGX Mонгол”, “Оюутолгой”, “Рео”, “Монголын алт” ХХК зэрэг 27 байгууллагын 80 ажилтан оролцлоо.

Тэд сургалтаар дамжуулж цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой олон улсын болон Монгол Улсын хууль эрх зүйн орчин, цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, байгууллагын дотоодын хяналт, цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм зэрэг хууль эрх зүй, захиргааны бичиг баримттай холбоотой асуудлаар мэдээлэл авлаа. Мөн цөмийн физикийн үндсэн ойлголт, рентген тоног төхөөрөмжийн бүтэц, хэрэглээ, цөмийн болон цацрагийн осол, ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн биологийн үйлчлэл, мэргэжлийн шарлага зэрэг сэдвүүдээр сургалтад оролцогчид тодорхой мэдлэгтэй болов. Цөмийн энергийн газраас цаашид  цацрагийн хамгаалалтын төрөлжүүлсэн сургалтуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж