Улсын хэмжээнд 2011 онд 111 гадаадын иргэн гэмт халдлагад өртөж байсан бол өнгөрсөн онд 121 болон нэмэгджээ. Аялал жуулчлалын улирал дөхөж буйтай холбоотойгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Цагдаагийн газартай /НЦГ/ хамтран ажиллахаар санамж бичгийг өнөөдөр үзэглэсэн байна. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал нар гарын үсэг зуржээ. Уг санамж бичигт гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэдээлэл, судалгаа харилцан солилцох, аялагч, жуулчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийг сурталчлах, сургалт семинар зохион байгуулах зэрэг олон талт ажлыг тусгасан байна.
Гадаадын аялагч, жуулчдаас ирүүлсэн гомдол саналыг 48 цагийн дотор шийдвэрлэдэг болох, хариу мэдээлж занших, жуулчид олноор явдаг хотын төвийн хэсгүүдийг камерын хяналтад бүрэн оруулах, халаасны хулгай, танхайн хэргийн эрсдэл өндөртэй газруудад нэмэлт эргүүл гаргах, жуулчдад зориулсан аюулгүй байдлын санамж, зөвлөмж, ухуулах материалуудыг гадаад хэл дээр хэвлэн тараах, нисэх буудал, төмөр замын төв буудал, томоохон үйлчилгээний болон үзвэрийн газруудад байрлуулахаар гэрээнд тусгажээ. Хэдэн сарын өмнө Монголоос наймаа хийхээр Эрээн хотод очсон хэсэг хүмүүс хөлсөлж явсан таксиндаа их хэмжээний мөнгөө мартан буусныг Эрээний цагдаа нар богино хугацаанд илрүүлэн, монгол иргэдийг хохиоролгүй болгосон жишээ бий. Үүн шиг хууль сахиулагчид болон мэргэжлийн байгууллагуудыг хурдан шаламгай, үнэнч шударга ажилладаг болгоход дээрх байгууллагууд анхаарлаа хандуулах нь.
Д.ЦЭЭНЭ