Киприйн банкны харилцагчид хөрөнгийнхөө 40 хувийг алдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Киприйн банкны харилцагчид хөрөнгийнхөө 40 хувийг алдаж магадгүй

Европын комиссын Ерөнхийлөгч Ж.Баррасо Монголд өнгөрсөн амралтын өдрүүдэд айлчлах байсан ч гэнэт төлөвлөгөөгөө өөрчлөн нутаг буцав. Тэрбээр Киприйн асууд­лыг яаралтай хэлэлцэх шаард­лагатай болсон Европын комис­сын хуралд оролцохоор ийн яа­рав­чилжээ. Ж.Баррасогийн очсон тэрхүү хурлын шийдвэр одоо аль хэдийнэ гарсан байна.
Европын зээлдэгч орнууд дам­пуурлын ирмэгт очсон Киприйн банкуудад 13 тэрбум ам.долларын зээл өгөх шийдвэр гаргажээ. Ингэвэл ганц Кипр төдийгүй евро бүс тэр чигтээ аврагдана гэж тэд тооцсон бололтой. Харин энэхүү зээлээ хэрхэн төлөх вэ гэдгээ кипрчүүд тодорхой болгох ёстой байв. Өн­гөрсөн долоо хоногт Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадес зээл авсан тохиолдолд хэрхэн төлөх вэ гэдгээ боловсруулж, есөн хувилбар бүхий төслийг Засгийн газартаа танилцуулсан билээ. Хэрэв тэд хэрхэхээ шийдэж, тодорхой болговол Европын холбоо зээл өгнө хэмээн албаныхан мэдэгдэж байв.

Ийнхүү зээл өгөхийн тулд юун түрүүнд Киприйн банкуудыг сан­хүүгийн чадамжтай байх шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд нөөцөө 7.5 тэрбум ам.доллараар нэмэх ёстой. Киприйн банкуудын хувьд энэ мөнгийг томоохон харилцагчдынхаа хадгаламжнаас шимтгэл хэлбэрээр авах бололтой. Түүнчлэн төр нь татвараа нэмж, хувьчлал явуулах болж байна.

Хүнд байдалд ороод байгаагаа зарласан Киприйн хамгийн том хоёр банк нь “Кипр”, “Лайки”. “Лайки”-гийн хувьд бүтцийн шинэчлэл хийж, 100 мянган евро буюу 129.4 мянган ам.доллараас дээш хад­галамжтай харилцагчдаасаа шимтгэл тооцож авах юм. Мөн даатгагдаагүй хадгаламж, хөрвөх чад­вар муутай зээлүүд болон батал­гаат хадгаламжуудаа Кипр банк руу шилжүүлэх аж. Харин Кипр банкны хувьд тэд бүх зүйл хэр­хэх нь тодорхой болох хүртэл 129.4 мянган ам.доллараас дээшхи хад­галамжуудаа царцаажээ. Хэрэв тэд­гээр хадгаламж дахь мөнгөнөөс шимтгэл авахаар болбол түүнийг нь тус банкны хувьцаа руу шилжүүлэх аж. Германы Сангийн сайдын ярьж буйгаар бол Кипр банкин дахь тал хадгаламж нь ийнхүү өөрчлөгдөх бололтой. Ямартай ч энэ бүгдээс болж тус хоёр банкны хадгаламж эзэмшигчид тэндэх хөрөнгөнийхөө 40 хувийг алдана хэмээн шинжээчид тооцож байна.

Кипр бол Газар дундын тэнгис дэх жижигхэн арлын орон. Евро бүсэд багтдаг боловч зүүн Европын орнуудтай эдийн засгийн зузаан харилцаатай. Түүнээс гадна бага татвар, санхүүгийн таатай орчин нөхцөлөөсөө болж гадны баячуу­дыг их татдаг байж. Гэвч энэ удаагийн хатуу болзлоос болж тус улсын банкинд мөнгөө хадгалуулах сонирхолтой хүмүүсийн тоо эрс цөөрч мэдэх юм.

Киприйн банкуудын гол харил­цагч нар нь Оросын олигархиуд байдаг. Тиймээс дээрх шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэл хийв. Тэрбээр хадгаламж эзэм­шигчдээсээ шимтгэл нэрээр мөн­гө авч байгаа нь үнэн хэрэгтээ дээрэм хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путин Киприйн бан­куудад 2011 онд зээл болгон өг­сөн 3.2 тэрбум ам.долларын хөрөнгийн асуудлаа цэгцлэх үүргийг Засгийн газартаа өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт Кремлийн удирдагчид Кипрээс авах зээлийн хугацаагаа сунгах эсэх талаар хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Европын холбоо Кипрт санхүүгийн тусламж үзүүлэх үү, үгүй юу гэдгийг харзнан хүлээж байсан бололтой.

Киприйн хамгийн том хоёр банкинд 129.3 мянган ам.доллараас дээш мөнгө хадгалуулсан 860 мян­ган орчим иргэн байгаа аж. Тэд­ний  нийт хөрөнгө нь 49 тэрбум ам.доллар болж байгаа. Харин тэд­нээс ийнхүү шимтгэл нэрээр мөнгө авахыг оросууд эсэргүүцэж байгаа юм. Гэхдээ Киприйн банкууд дахь хадгаламжийн дийлэнх нь Оросын мөнгө угаадаг томоохон бүлэглэлүүдийнх хэмээн олон улсын хууль сахиулагчид болон банкны харилцааг зохицуулагчид үзэж бай­на. Чухам юу болохыг харж л бая.

Европын холбооны шийдвэр, хатуу болзлыг евро бүсийн орнууд  дэмжиж байгаа. Одоогийн байдлаар Кипрээс гадна Грек, Ирланд, Португаль евро бүсийн хямралаас үүдэж, Европын холбооноос зээл авсан билээ. Тиймээс евро бүсийг аврах “мастер” төлөвлөгөөгөө тэд үр­гэлжүүлэхийг хүсч байгаагаа аж.

Киприйн банкууд Грекийн Засгийн газрын бондоос нэлээд хувийг нь эзэмшдэг байсан. Гэтэл өнгөрсөн онд Грекийн эрх баригчид хүнд байдалд орсны улмаас нийт бондынхоо 75 хувийн үнэлгээг буу­руулсан юм. Улмаар Грекийн хямрал даамжирч, тус улсын бонд ямар ч үнэ цэнгүй болж эхэлсэн. Тэр үеэс л Киприйн санхүүгийн тогтолцоо хямрах үндэс суурь нь тавигджээ.

Ямартай ч Киприйн Засгийн газар зээлээ төлөх хувилбарууд бүхий хуулийн төслөө парламентдаа удахгүй танилцуулна. Өнгөрсөн долоо хоногт иймэрхүү нэг хуу­лийн төслийг парламентаас нь буцаасан юм. Гэвч тэд зээл авахын тулд иймэрхүү хатуу болзлыг зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Энэ нь Киприйн эдийн засагт богино хугацаанд нөлөөлөх боловч урт хугацааны дараа эерэг үр дүн авчрах бололтой. Нөгөөтэйгүүр өн­гөрсөн долоо хоногт хаалгаа барьсан Киприйн банкууд зээл авсан даруйд бүх зүйл сайхан болно гэсэн үг биш. Санхүүгийн тогтолцоо нь эмзэг хэвээр үлдэнэ гэдгийг шинжээчид анхааруулжээ.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж