
2013 онд “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа хаврын сургалт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд өнөөдөр эхэлсэн эхэлж, 17.00 цагт дуусах бөгөөд маргааш талбайн сургалтаар үргэлжлэх юм.
Хоёр өдөр үргэжлэх сургалтын зорилго нь эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх, технологийг боловсронгуй болгох, мэргэжилтний чадавхийг сайжруулах, чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулахад санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, бусад төрлийн жимс, жимсгэнэ тариалахыг дэмжиж, зах зээлд өрсөлдөх чадварыг хөгжүүлж, импортыг бууруулах, жимс, жимсгэнэ, түүгээр боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох, сурталчлах ажлыг зорилго болгожээ.
Харин сургалтаас гарах үр дүнг сургалт зохион байгуулагчид жилд таван саяас доошгүй суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг 10.0 мянган га хүртэл нэмэгдүүлж хэрэгцээт жимсний 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болох. Чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс, жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах маркетингийн сүлжээг бий болгох хэмээн онцолж байсан.
Дашрамд дурдахад, жимс жимсгэний суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 800 мянган ширхэг суулгац үйлдвэрлэх 10500 м2 талбай бүхий 75 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг найман аймгийн 20 иргэн, аж ахуйн нэгжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Мөн чацаргана, үхрийн нүдний суулгац, бусад жимсний стандартуудыг дахин хянаж, шинэчлэн батлуулан мөрдлөг болгон ажиллаж байгаагаа “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг санаачлагчид өгүүлсэн.
Түүнчлэн нутагшсан шинэ сорт гаргах зорилгоор Дархан-уул аймаг дахь УГТСЭШХ-тэй “Чацаргана болон бусад жимс жимсгэний сорт судалгаа” төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж ОХУ, БНХАУ, Канад зэрэг гадаад орнуудаас шинэ нэр төрлийн сортын суулгацуудыг авчирч туршиж ургуулах ажлыг амжилттай явуулж байгаагаа тэд онцолж байлаа.
Мөн чацарганы өвчин, хөнөөлт шавьж, шувууны талаархи судалгаа, түүнтэй тэмцэх аргачлал боловсруулах, холбогдох дүгнэлт, зөвлөмжийг гаргуулах судалгааны ажлыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээр Увс, Өвөрхангай аймгуудад хийлгэжээ.
Манай улсын хувьд БНХАУ-ын Засгийн газрын 13.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хүрээнд жилд 5000 тн чацаргана боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Мөн Улаанбаатар хот, Ховд, Булган зэрэг аймгийн нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид жилд 1500 тн жимс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлж 1.68 тэрбум төгрөгийн зээл олгохоор Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас шийдвэрлэжээ.