Оросууд БНСУ-ын асуудалд анхаарал хандуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Оросууд БНСУ-ын асуудалд анхаарал хандуулж байна

Өмнөд
Солонгосын сүйрсэн хөлгийн шалтгааныг судлах экспертүүдийн баг илгээж
байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдсэнийг АНУ
сайшаан, Орос улс асуудлыг шалгаж тодруулах эрхтэй гэж мэдэгдээд байна.
Олон улсын шинжээчдийн баг 1,200 тонны даацтай Өмнөд Солонгосын хөлгийн
46 далайчин нас барсан шалтгаан нь Хойд Солонгосын шумбагч хөлгөөс
харвасан торпедо байсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн
тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос мягмар гаригаас эхлэн
Хойд Солонгосын эсрэг эсэргүүцлийн чанартай арга хэмжээ авч эхэлсэн
бөгөөд Хойд Солонгосын ачаа тээврийн хөлгүүдийн хөдөлгөөнийг зогсоож,
үзэл суртлын дайн эхлүүлээд байна. Болсон хэрэг явдалд Хойд Солонгос
холбоотой нь хөдлөшгүй тогтоогдож байгаа тул Өмнөд Солонгосын авч буй
арга хэмжээг дэмжих болно гэж АНУ мэдэгдсэн. Харин Хойд Солонгосын
чухал түнш Хятад дэлбэрэлтийн шалтгааны талаар байр сууриа
илэрхийлээгүй байгаа бөгөөд талуудыг тайван байхыг уриалж байна.

АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Родхам Клинтон өчигдөр Өмнөд
Солонгосын нийслэл Сөүлд айлчлах үеэрээ гуравдугаар сарын 26-нд Умард
Солонгос урд хөршийнхөө усан онгоцыг торпедо бөмбөг харваж дэлбэлснийг
шүүмжилж “Энэ бол Хойд Солонгосынхны хийсэн зүгээр өнгөрөөж болохгүй
өдөөн хатгалга. Олон улсын хамтын нийгэмлэг үүний хариуд арга хэмжээ
авах хэрэгтэй” гэж мэдэгдсэн.

Хойд Солонгос харин хөлөг
живүүлсэнд ямар ч буруугүй, ямар ч оролцоо байхгүй гэж эсэргүүцэж
байгаа бөгөөд Хойд Солонгосын эсрэг арга хэмжээ авсаар байх юм бол
дайнд ч хүрж болзошгүй гэж анхааруулаад байгаа. Мягмар гаригт Пхенъян
Өмнөд Солонгостой харилцаагаа тасалж байгаа зарласан. Түүнчлэн Өмнөд
Солонгосын хэрэгжүүлж буй сэтгэлзүйн дайны эсрэг бүхий л хүчээрээ
тэмцэхийн хамт нутаг дэвсгэрээр нь Өмнөд Солонгосын далайн хөлгүүд
болон нисэх онгоцуудыг явж өнгөрөхийг хориглосон. Түүнчлэн Хойд
Солонгос Өмнөд Солонгостой тогтоосон байсан хил хоорондын утсан
холбоогоо тасалж Хойд Солонгосын Каесонг үйлдвэрт ажиллаж байсан Өмнөд
Солонгосын засгийн газрын найман ажилтанд өчигдөр хөөж гаргасан байна.

Умард
Солонгос хилээ хаахын хамт, Хойд Солонгосруу хандаж ухуулга
сурталчилгаа явуулах чанга яригчуудыг дэлбэлнэ шүү гэж заналхийлсэн
талаар “Ассошиетэд Пресс”  агентлаг мэдээлсэн. Сөүл зургаан жилийн өмнө
хил дээр чанга яригч ажиллуулахаа больсон бөгөөд ойрын үед дахин
ажиллуулж эхлэх болно гэж мягмар гаригт мэдэгдсэн юм. Хойд Солонгос 1.2
сая хүнтэй армиа байлдааны бэлэн байдалд оруулсан ч ямар нэг ер бусын
хөдөлгөөн ажиглагдахгүй байна гэж Өмнөд Солонгосын арми мэдээлсэн. Энэ
бол Хойд Солонгосын ээлжит жүжиглэл, хоосон сүрдүүлэг гэж зарим
судлаачид үзэж байгаа.

Хойд Солонгосын асуудлыг НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлд оруулж хэлэлцүүлэх бодолтой байгаагаа Өмнөд Солонгос
илэрхийлсэн. Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёр 1950-1953 оны хооронд
дайны байдалтай байсан бөгөөд сүүлд нь гал зогсоох тохиролцоонд хүрсэн
болохоос одоог хүртэл энх тайвны гэрээ байгуулаагүй байгаа юм. Хойд
Солонгосын болзошгүй түрэмгийлэлд өгөх хариу цохилтыг сургуулилахын
тулд АНУ, Өмнөд Солонгос хоёр Солонгосын хойгт томоохон цэргийн
сургууль хийхээр зэхэж байна. АНУ-ын 28,500 цэргийн албан хаагч одоо
Өмнөд Солонгост байрлаж байна.

Солонгосын хойгийн явдалтай
холбоотой эсэх нь тодорхойгүй ч өчигдөр ОХУ-ын Хар Тэнгисийн флот,
пуужин зөөгч “Москва” хөлгүүд Япон тэнгист том хэмжээний тэнгисийн
цэргийн сургууль хийхээр Оросын алс дорнод дахь Владивосток хотын
боомтонд хүрч ирлээ. “Москва” хөлөг Умард флот, Номхон далайн флот,
“Пётр-Великий” цөмийн залуурт пуучин тээвэрлэгч хөлөг, “Варяг” залуурт
хөлгүүдтэй хамтран “Восток-2010” тэнгисийн цэргийн стратегийн хээрийн
сургуулилтанд оролцоно.  “Восток-2010” сургуулилтанд 8,000 гаруй Оросын
цэргийн албан хаагч оролцох бөгөөд байлдааны сумаар сургуулилт хийх юм
байна. “Япон тэнгист цэргийн хүч бөөгнүүлж байгаа энэ сургуулилт
Солонгосын хойгийн асуудалтай холбоогүй, Оросын тэнгисийн цэргийнхүчин
байлдааны бэлэн байдалд ороогүй” гэж Оросын Номхон далайн флотын
хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг Москва хотоос
мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж