Д.Ядамдорж: Камерийн бичлэгийг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Д.Ядамдорж: Камерийн бичлэгийг сэргээнэ

Шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан дуучин Ш.Батбаяр хорих ангийн өрөөнд түлэгдэн, өдгөө Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа. Ш.Батбаярыг тусгаарлах өрөөнд гав, дөнгөтэй байх үед нь гал гарч, биеийнх нь 35 хувь нь түлэгдээд байгаа юм.

Одоогоор Ш.Батбаяр ямар учраас түлэгдсэн тухай талууд өөр өөр мэдээлэл өгч байгаа. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Ядамдоржоос тодрууллаа.

-Ш.Батбаяр шатсан гэх өрөөний камерийн бичлэг алга болсон гэж үнэн үү? 

-Алга болоогүй. Зөвхөн гал гарсан өдрийн бичлэг нь уншигдахгүй байгаа юм.

-Устгасан гэсэн үг үү?

-Галаас болж камерт эвдрэл үүссэн үү, өөр шалтгаан байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Одоогоор мэргэжлийн багийнхан камерийн бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа.

-Хорих ангийн өрөөнд гал гарч, хүний амь эрсдэх дөхлөө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдан хорих ангийнхан хариуцлага алдсан гэж яригдаж байна.  Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хорих ангид ямар ч байсан гал гарах ёсгүй. Ямар учраас гал гарсныг Онцгой байдлынхан тогтоох байх. Хариуцлага алдсан Цагдан хорих 461 дүгээр ангийн орлогч дарга, хянагчид, камер дээр сууж байсан алба хаагчдыг ажлаас нь халж, арга хэмжээ аваад байна.

Харин тэр өдрийн бичлэг ямар учраас уншигдахгүй байгаа шалтгааныг Цагдан хорих 46 дүгээр ангийн дарга Ч.Очгэрэлээс тодруулахад,

-Би өнгөрсөн даваа гаригт буюу 25-нд ажлаа албан ёсоор хүлээж авсан. Өнгөрсөн долоо хоногт болсон хэргийн талаар албан ёсоор мэдээлэл өгч чадахгүй байна гэв.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж