Өмнөд Солонгос байлдааны түгшүүр зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос байлдааны түгшүүр зарлажээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хэрэгтэй хэмээн мэдэгдсэний дараа БНАСАУ-ын талаас хариу сүрдүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Хойд болон Өмнөд Солонгосын хилийн ойролцоо сэжигтэй зүйл илэрснээс Өмнөдийн талаас байлдааны бэлэн байдлын түгшүүр зарлажээ. ВВС-ийн мэдээлснээр өнөөдөр буюу лхагва гаригт 02.30 цагийн орчимд Өмнөд Солонгосын Канвонь мужийн Хуачонь дахь цэргийн харуулын орчим “сэжигтэй зүйл” илэрсэн тул цэргүүд хариу гар бөмбөг шидсэн байна. Өмнөд Солонгосын талаас тэрхүү сэжиг бүхий зүйлийг Хойд Солонгосын талаас нэвтэрсэн хэмээн сэжиглэж байгаа аж. Гэхдээ Өмнөд Солонгосын талаас хил дээр тогтоосон байлдааны түгшүүрийг өглөөний 09.20 цагт цуцалсан байна. Одоогоор Өмнөд Солонгосын хил дээр түгшүүр зарлахад хүргэсэн “сэжигтэй зүйл” нь юу байсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа аж.
 
Харин энэхүү явдлаас нэг цагийн дараа Хойд Солонгосын зүгээс өөрийн армид Хавай, Гуам, АНУ-ын нутаг дэвсгэр дэх Америкийн цэргийн баазууд руу пуужин харвахад бэлтгэх тушаал өгснийг “KCNA” агентлаг мэдэгджээ. Үүний хариуд АНУ-ын Пентагоны төлөөлөгч Жорж Литл Хойд Солонгосын заналхийлсэн үйлдэл нь зөрчил, сөргөлдөөнийг улам дэвэргэхээс өөр юунд ч хүргэхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Хойд Солонгос өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөсний дараа АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ батлуулсан билээ. Үүний хариуд Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилт хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд хэрэгжиж эхэлсэн юм. Харин Хойд Солонгосын зүгээс НҮБ-аас авч хэрэгжүүлж эхэлсэн хориг арга хэмжээг эсэргүүцэн Өмнөдтэй 1953 онд байгуулсан гал зогсоох гэрээг цуцлан байлдааны бэлэн байдал зарлаад буй билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж