Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх V-Day аяны хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” хэмээх шилдэг бүтээл, хандивын жүжгийг энэ сарын 30, 31-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна. “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг 2011 онд тоглосон нь үзэгчдэд таалагдсан бөгөөд энэ жил гурав дахь удаагаа дахин тайзнаа тоглогдож байна.
“The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсч, туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачдаг. Жүжгийн бас нэг онцлог гэвэл мэргэжлийн жүжигчид гэхээсээ илүүтэй “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клубын бүсгүйчүүд жүжгийн гол дүрүд тоглодог юм. Жүжгийн тасалбар хэдийнэ худалданд гарсан бөгөөд Улсын Филармонийн касс болон 8811-9189; 99019993 утсаар захиалан авч болох нь ээ. “Үтрээний хүүрнэл” жүжгийн тасалбар 20 мянган төгрөг.
Г.ДАША