Айлчлалын эхний өдөр УИХ-ын даргыг Канад Улсын Нийтийн танхимын спикер А.Шийр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын дарга хоёр орны харилцаа эдийн засаг, бизнесийн салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дуулгаад цаашид боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Канад Улсын боловсролын систем дэлхийд тэргүүлэх байр эзэлдгийг УИХ-ын дарга онцлоод Монголоос оюутан сургах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Улаанбаатар хотод зохиогдох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурлын үеэр зохиогдох Парламентын форумд идэвхтэй оролцохыг хүсээд, ноён спикерийг Монгол Улсад айлчлахыг урилаа.
Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх Канад Улс нь хөгжлөөрөө ч дэлхийд дээгүүрт орж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Канад Улсын Нийтийн танхимын спикер А.Шийр 1979 онд төрсөн. Оттавагийн их сургуульд түүх, улс төр судлалын чиглэлээр суралцаж төгссөн байна.
Канадын Парламент нь Сенат, Нийтийн танхимаас бүрддэг бөгөөд Сенат нь бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй бол Нийтийн танхим нь 308 гишүүнтэй, гишүүд нь дөрвөн жилийн хугацаатай сонгогддог байна.
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Канадын экспортын хөгжлийн агентлагийн удирдлагуудтай уулзаж ярилцав.
Тус агентлаг нь дотоодынхоо бизнес эрхлэгчид, экспортлогч болон хөрөнгө оруулагчдад санхүү, эрсдэлийн даатгал, менежентийн зөвлөгөө өгч туслалцаа үзүүлдэг Канадын Засгийн газрын байгууллага юм. Энэ агентлаг нь хэдийгээр төрийн байгууллага боловч бизнесийн байгууллагын адил өөрийгөө санхүүжүүлдэг, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Тус агентлаг анх 1944 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 780 тэрбум канад долларын экспортын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтыг дотоодынхоо компаниудад олгоод байгаа аж.
Уулзалтын үеэр тус агентлагийн удирдлагууд Монгол Улсыг уул уурхайн салбар дахь Канад Улсын чухал түнш гэдгийг онцлоод Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа дэмжин ажиллаж байгаагаа хэллээ.
Тус агентлагийн Москва дахь салбар нь манай улстай харилцах асуудлыг хариуцдаг байна. Сүүлийн жилүүдэд манай уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боловч Канадаас хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх тоног төхөөрөмж худалдан авахад зориулж зээл авах асуудлыг манай ХААХҮЯ Канадын экспортын хөгжлийн агентлагтай ярилцаж байгаа юм байна. Мөн Канадын модон байшинг Монголд нэвтрүүлэхэд тус агентлагийн шугамаар санхүүжилт авах асуудлыг хөндөж ярилцжээ.
УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Канадын компаниудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Канадын уул уурхайн компаниуд улс орныхоо эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг байна. Канадын компаниуд сүүлийн жилүүдэд манай улсын олборлох салбарт хөрөнгө оруулж байна. Тухайлахад 2010 онд Канадын олборлох салбарын гадаад орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 79,3 тэрбум доллар байжээ. Канад улсад төвтэй компаниуд дэлхийн боловсруулах үйлдвэрлэлийн зардлын 43 хувийг эзэлдэг бөгөөд 2010 онд дэлхийн боловсруулах болон уул уурхайн компаниудын 75 хувь нь Канадад төвтэй гэсэн судалгаа хийгджээ. Иймээс Канадын Засгийн газар хөгжиж буй орнуудад ажиллаж байгаа компаниуддаа тавих шаардлагаа өндөржүүлж, өөрийн улсын имижийг эерэгээр бүрдүүлэх стратеги барьж байгаа аж.
Харин манай улс Канадын компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлах, байгалийн нөхөн сэргээлтийг дүрэм журмын дагуу хийж, манай улсын хууль дүрмийг чанд мөрдөж ажиллахыг сануулдаг.
УИХ-ын дарга З.Энхболд саяхан зүүн аймгуудад томилолтоор ажиллахдаа газрын тосны салбарт ажиллаж байгаа гадаадын компаниудын үйл ажиллагаатай танилцсан. Гадаадын компанид ажиллаж байгаа монгол ажилчдын цалин хөлс, амьдрах нөхцөл байдал бодит байдлаас зөрүүтэй байдгыг дурдаад Канадын компаниудад ч энэ шаардлага ижил үйлчлэхийг санууллаа.
УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Олон улсын худалдааны сайд Э.Фаст нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Оюутолгой” төсөл болон Монгол Улсын уул уурхай, түүний эрх зүйн зохицуулалтын талаар хууль тогтоох дээд байгууллагын зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлж, сонирхсон бусад асуудалд нь хариулт өгөв.
Мөн өдөр УИХ-ын дарга З.Энхболд Канадын Парламентын сенатор П.К.Нолиныг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол-Канадын хооронд уул уурхайгаас гадна соёл, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг жигд хөгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.
Түүнчлэн Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийг бэхжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж байгаад нь УИХ-ын дарга талархал илэрхийллээ.
Канад Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жерри Ритц тус улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 26-ны өдөр бараалхав.
Тус улсын Парламентын ордонд болсон энэхүү уулзалтын үеэр Канад, Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, эдгээр салбаруудад Канад Улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэх боломжийн талаар хөндөж ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.