Тайванийн төв хэсгийн Наньтоу мужид өнөөдөр 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 хүн гэмтэж бэртжээ. Хохирогчдын ихэнхи нь газар хөдлөлтийн чичиргээний улмаас унаж, сүйдсэн эд зүйлс, таазанд даруулан бэртсэн байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичиргээ арал даяар мэдрэгдсэн бөгөөд үүний улмаас нийслэл Тайбей хотын байшин барилгууд ганхан хөдөлсөн байна. Харин газар хөдлөлтийн голомт Наньтоу мужийн захиргааны байрны тааз нурснаар нэг хүн гэмтэж бэртсэн бөгөөд өөр хэдэн барилга, сургуульд бага хэмжээний ан цав, цууралт гарчээ. Түүнчлэн Тайбей хотын албанхны зүгээс газар хөдлөлтийн улмаас өндөр хурдны галт тэрэгний зам гэмтсэн байж магадгүй хэмээн үзэж, үзлэг шалгалт хийжээ.
АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлснээр 6 магнитудын газар хөдлөлтийн голомт Наньтоу мужид 15 орчим км-ийн гүнд байсан байна.
Наньтоу муж нь нийслэл Тайбей хотоос ойролцоогоор 250 км-ын зайтай оршдог аж. Үүнээс өмнө 1999 онд тус мужийн ойролцоо 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 2300 гаруй хүн амь үрэгдэж байжээ.
Б.АНХТУЯА