
Авлига, албан тушаалын хэргээр өнөөдөр шалгагдагсад МАН-ын нөлөө бүхий гишүүд, эсвэл тус намын угшлийн нөхдүүд байгааг улс төрийн утгаар хэрэгжүүлж буй өс тайлал гэж үзэх үү? Эсвэл үнэхээр эрх мэдлийг олон жил хэрэгжүүлсэн МАН-ыг дайрах ёстой тавилан гэж үзэх үү? Ийм ацан шалаанд байсан олон нийт одоо авлигатай тэмцэгч Ардчилсан намд баяр хүргэх үү, С.Баярт талархал дэвшүүлэх үү. Чухам ийм эргэлзээ төрүүлэх, итгэл үнэмшлийг эргүүлэх нөлөөтэй учраас түүний дуугарахыг тодорхой хүрээнд хүлээж байсан биз.
“Хийсэн хэрэг хэзээ илчлэгдэх бол” гэж гэмтний дүрээр гэлбэлзэж суусан МАН-д энэ мэт улс төрийн өмгөөлөл болохуйц нэг биш мессеж АНУ-аас иржээ. Хамтрахаас өөр сонголт өгөөгүй 2012 оны сонгуулийн дараа Ардчилсан намын хийсэн алхам “жижигдсэн” гэсэн дүгнэлтийг тэрбээр хийжээ. Стандарт бус Засгийн газар байгуулах түүний 2008 оны шийдвэр өнөөдөр ч “стратегийн” ач холбогдолтой, гэхдээ хамтрал зөвхөн “МАН-АН” гэсэн хувилбараар байх байсан юм гэжээ. Түүний энэ үг үнэнээс зөрүүтэй байж болох ч нэгийнх нь дарга “шоронд”, нөгөөгийнх нь дарга “гудамжинд” яваа хоёр намтай Ардчилсан нам хамтарсан нь гашуун боловч гарцаагүй үнэн юм. Адилхан социализмын дошин дээр өсчихөөд хэн нь хэндээ ардчилал гэдэг хичээл заах гээд байгаа юм бэ?! Гадны хүний нүдээр бол аль нам нь зүүнийх, аль нь барууных гэдэг нь ялгагддаггүй төлөвшөөгүй, түүхий “бүтээгдэхүүнүүд” гэж С.Баяр ёжилсон нь МАН-ынхны загатнасан газар маажсан гэдэгт итгэлтэй байна. Жин дарах, олныг дагуулах хэмжээний лидергүй мэт болчихоод байсан МАН экс даргадаа “ватуум цаас бариулж, буйданд суулгах” мэтээр пиардаж байсны дэргэд С.Баярын үг байгаа онов.
“Ардын Намыг Монголын нийгэм төрүүлсэн. Тиймээс манай нийгэмд байгаа бүх л сайн, муу юм энд бас бий. Бусад намтай үүгээрээ адил. Ялгаа нь энэ намын түүх, даац, туулах чадвар гурав юм” гэжээ. Энэ бол хэний талаар юу гэж хэлсэн үг болохыг олон хүн төвөггүй ойлгоно.
Хамтарсан Засгийн газрыг санаачилсных нь хувьд С.Баярт оногдох гавьяа ч бий, гай ч бий. Гэхдээ түүний эзгүйд асуудал аль тал руугаа хандах нь, тэр тусмаа нам нь “хүчтэй сөрөг” байж чадахгүй байгаа өнөөгийнх шиг нөхцөлд цаг хугацаа явах тусам хаашаа эргэх нь бараг л ойлгомжтой байлаа. Хамтарсан засгийн үе хамгийн муу ул мөр үлдээсэн гэх тал нь дийлж эхэлсэн үед тэрбээр амжиж дуугарав. Эдийн засгийн өсөлт, улс төрийн тогтвортой байдал, Оюутолгойн гэрээ гэх мэт тэр үедээ “ололт” болж байсан олон зүйл өнөөдрийн засгийн өнгөн дээр бүдгэрч эхэлсэн. Макро төвшний өсөлтийг дор хаяж таван жил хадгалж байж, өрх гэрт өгөөж нь очих байлаа гэж хэлсэн нь угтаа ингэж чадаагүй нь хэний буруу вэ гэсэн асуулт юм. Мөн Оюутолгойн гэрээг баллахыг хүсч буй хэсэгт хандан “Өсөн тэлж буй Монголын эдийн засагт өнөөдөр эргэлдэж байгаа мөнгөний гуравны нэг нь Оюутолгойн хаялга” гэж ерөнхийлөгч хэлсэн юм шүү хэмээжээ.
Тоолбол гурав, дөрвөөс хэтрэхгүй хэдэн гол мессеж тээсэн С.Баярын ярилцлага мэдээж цөөнгүй амтат “хачир”-тай байлаа. Охинтой болсон. Оюутан болсон. Загас, жараахай эргүүлсэн. За тэгээд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Бас гадаадад цагаачлахгүй” гэсэн хариултуудтай. Гэхдээ тэр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдэг нээрээ үнэн үү” гэсэн дараагийн шинэ асуултыг хариултгүй үлдээж орхив.