-Нэг өдөр нэгэн зэрэг гурван тендерийн материал нээж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Өнөөдрийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын Засгийн газар 2013 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор төмөр замын эхний ээлжийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, энэ ондоо хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлж өгсөн. Үүнд техникийн болон санхүү, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулалт багтсан. Тиймээс тендерийг өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр дээрх сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэйгээр зарласан. Өнөөдөр тендерийг нээх хугацаа хуулийн дагуу тохиож байна.
-Нийт хичнээн компани зөвлөхийн тендерт материалаа ирүүлээд байгаа вэ?
-Техникийн зөвлөхөөр ажиллах саналыг 16 компани ирүүлсэн бол хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр ажиллахаар баримт бичгээ ирүүлсэн тус бүр дөрвөн компани байна. Үнэлгээний хорооноос гаргасан хураангуй жагсаалтад техникийн зөвлөхөөр ажиллахаар санал ирүүлсэн компаниудаас долоог нь оруулсан байсан. Харин нөгөө хоёр тендерт тус бүр дөрвөн компани хураангуй жагсаалтад орсон. Үнэлгээний хорооныхон хураангуй жагсаалтад орсон компаниудын тендерийн материалыг судалж үзээд шалгаруулалтыг явуулна.
-Олон улсад нээлттэй зарласан тендерт гадаадын хичнээн улс орноос хандаад байна вэ?
-Техникийн зөвлөхийн тендерт нийт найман улсаас санал ирсэн байгаа. Япон, Солонгос, АНУ, Австрали, Канад, Англи зэрэг улсын мэргэжлийн компаниуд тендерт материалаа ирүүлсэн. Харин санхүү, хуулийн зөвлөхийн тендерт олон улсын чанартай компаниудаас BNP, Baribas, KPMG, PWS зэрэг зөвлөх компаниуд тендерт оролцсон.
-Шинэ төмөр зам төслийг “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон. Санхүүжилт орж эхэлсэн үү. Эхлээгүй бол хэзээнээс эхлэхээр товлосон бол?
-“Чингис” бондын мөнгөнөөс 200 сая ам.долларыг “Шинэ төмөр зам” төслийн санхүүжилтэд зориулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоогоор санхүүжилт өгч эхлээгүй байна. Хэзээнээс олгож эхлэх товыг би хэлэх боломжгүй.
-Бондын мөнгөнөөс энэ жилийн хувьд ямар ямар ажлыг хийж гүйцэтгэх вэ?
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод нийтдээ 5630 км төмөр замыг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар тусгасан. Бидний хувьд нэг, хоёрдугаар үе шатны 1800 км төмөр замыг барих юм. Одоогийн байдлаар Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ болон зураг төсөл бэлэн болчихсон байгаа. Тиймээс энэ жил дээрх замын барилгын ажлыг эхлүүлнэ. Тавантолгойгоос зүүн тийш чиглэсэн төмөр замын ТЭЗҮ-г боловсруулах, барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах,техникийн баримт бичгийг боловсруулж дуусгах зэрэг ажлуудыг энэ жилдээ хийнэ.
-Тендер, сонгон шалгаруулалт хэр шударга явагдаж байгаа вэ. Тендер дагасан хардлага их байдаг. Танил тал харсан, элдэв лобби орсон тендер болох вий гэсэн болгоомжлол байна. Та бүхэн энэ тал дээр хэр анхаарч байна вэ?
-Тендерийг анхнаасаа олон улсад нээлттэйгээр зарласан. Тиймээс тухайн салбартаа мэргэшсэн томоохон компаниудаас тендерт санал ирүүлээд байна. Тендерийн баримт бичигт ажлын даалгавар гаргаж өгсөн. Тэрхүү шалгуур үзүүлэлтийг хангасан компанийг сонгоно. Түүнчлэн үнэлгээний хорооны гишүүд тендерийн материалтай танилцаад үнэлгээг тус тусдаа гаргана. Тэгэхээр нэг хүний шийдвэрээр бус үнэлгээний хорооны гишүүн бүрийн тус тусдаа хийсэн дүгнэлтийг нэгтгэн шалгаруулах учир хардаж, сэрдэх хэрэггүй л гэж хэлмээр байна даа.
-Үнэлгээний хороо мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн үү?
-Тийм ээ. Техникийн зөвлөх компани гэдэг төмөр замын зургийг хийнэ. Тэгэхээр маш нарийн даалгавар өгч байгаа. Тиймээс үнэлгээний хороондоо мэргэжлийн хүмүүсийг багтаасан. Зам тээврийн яамны төлөөлөл ч багтаж байгаа.
-Зөвлөх шалгаруулахаас гадна төмөр замын төсөлд хөрөнгө оруулах саналыг авч эхэлсэн. Хөрөнгө оруулагч нар танайд саналаа ирүүлж байна уу. Хөрөнгө оруулагчийг хэрхэн шалгаруулах вэ?
-Ерөнхий сайдын 65 дугаар захирамж гарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү үүргийн хүрээнд 2013 оны хоёдугаар сарын 14-ний өдөр шинээр баригдах төмөр замын төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэх компаниудыг урьсан урилгыг, олон улсад нэр хүнд бүхий “Financial Times World” болон дотоодын өдөр тутмын сонинд нийтэлсэн. Урилгын дагуу нийт 20 компани санал ирүүлээд байна. Эдгээрийн зургаа нь Монголынх бол 14 нь гадаадын компани юм. Компаниудын төсөлд хэрхэн хөрөнгө оруулах талаар бэлтгэсэн танилцуулгыг ажлын хэсгийнхэн сонсож, чадамжийг үнэлсэн шалгаруулалтыг явуулна. Дараа нь хэлэлцээ хийнэ. Энэ бүхний эцэст төсөлд хөрөнгө оруулах компаниуд тодорхой болох юм гэлээ.