…Дэлхий сөнөж, амьд амьтан нэг ч үлдсэнгүй. Ертөнц дээр ганц хүн амьд үлдсэн нь хаан байх юм гэнэ. Харин тэрээр энэ бүхнийг зүүд гэж бодно. Намайг сэрээгээч ээ хэмээн чангаар хашгираад ч нэмэр болсонгүй. Энэ бүхэн зүүд биш болохыг тэрээр мэдээд асар ихээр гашуудна. Эзэн сууж эрх ямбыг эдэлж байсан түүнд өнөөдөр өөрийнх нь сүүдрээр өөр юу ч хань болж үлдсэнгүй. Газар дэлхий орвонгоороо эргэн уух ус, идэх зүйл ч үлдсэнгүй энэ дэлхийн сүйрэлтэй хамт бүгд мөхжээ. Тэрээр дэндүү тэнэгүүд ихдээд ирэхээр дэлхий хогоо гүвсэн хэрэг гэж бодох ч чухам юуны учир өөрийг нь ийнхүү үлдээснийг үл тайлна. Хаан өөрийн өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодно. Өдөр бүр өнжин хонон цэнгэдэг байсан хатад нь түүний нүдэд үзэгдэнэ. Харин хэн ч хажууд нь хань болж үлдсэнгүй. Эргэх хорвоод өөрөөс нь эрт хальсан ээжийнх нь сүнс л түүнтэй ярилцана. Хаан байх амархан мэт байсан ч энэ бүхнийг түүний хийсэн дэндүү их тэнэглэлийнх нь төлөө дэлхий хүртэл хариугаа авч амсуулж байгаа юм байна хэмээн бодсоор тэрээр амьсгал хураана.
“Хоосон зүүд” жүжиг өчигдөр Хүүхэлдэйн театрын тайзнаа ийнхүү өрнөсөн юм. “Гэгээн муза Х” наадмын хүрээнд ганц хүний жүжгийн төрөлд нэр дэвшин өрсөлдөж буй уг бүтээл нь Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнийн зохиол бөгөөд найруулагч Н.Пүрэвдорж тайзны бүтээл болгон ажиллажээ. “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “шилдэг эрэгтэй гол дүр” номинацид жүжигчин Б.Баттөмөр хааны дүрээр нэр дэвшиж байгаа бол “шилдэг найруулагч”-д найруулагч Н.Пүрэвдорж нар тус тус өрсөлдөж байгаа юм.
Г.ДАША