Үзэсгэлэн бүтээн байгуулалтад хамтрах эхлэлийг тавина

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн бүтээн байгуулалтад хамтрах эхлэлийг тавина

Ерөнхий сайд  Н.Алтанхуягийн ивээл дор зохион байгуулж буй  “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэн  Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд нээлтээ хийлээ. “Үйлдвэрлэл эрхлэгчдэд итгэл хүлээлгэсэн анхны үзэсгэлэнг цагаан сарын өмнө зохион байгуулж байсан бол энэ удаа хоёр дахь шанг татаж байна. Энэхүү үзэсгэлэнг хаврын бүтээн байгуулалтын өмнө зохион байгуулж буй нь учиртай. Бид барилга байшин барих, өрөө тасалгаагаа засах бүртээ хэдэн төгрөгөө халааслан Эрээнийг зорьдогоо болих хэрэгтэй. Тэр бүтээн байгуулалтын бүхий л ажлыг хамтдаа бүтээе. Нэгийнхээ чадахгүйг нөгөө нь нөхөх байдлаар хаврын их ажилдаа бүгд оролцъё. Түүнчлэн үйлдвэрлэсэн бүхэн бусдынхаас чанарын хувьд давуу, үнийн хувьд илүүгүй байх бүтээн байгуулалтын давалгааг энэ үзэсгэлэнгээс эхлүүлэх болно” гэж Ерөнхий сайд  Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

Айл өрх бүр сар шинийн баяраа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр гаргаж болдог гэдгийг анхны үзэсгэлэн харуулсан төдийгүй хилийн чанадыг зорих байсан мөнгөний урсгалыг сааруулж чадсан гэж Ерөнхий сайд үнэлэв. Цагаан сарын өмнө гурван газарт 24 хоногийн турш гаргасан үзэсгэлэнгийн үеэр үндэсний аж ахуйн нэгж байгууллагууд дөрвөн тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулсныг салбарын яамны мэргэжилтнүүд онцолсон. Түүнчлэн манайхан хийе бүтээе гэсэн хүсэлтэйн дээр хийж бүтээж чадаж байгааг Ерөнхий сайд өөрт тохиолдсон нэгэн явдлаар баталснаа хэлж байлаа. Түүнийг хөлөө гэмтээн гипс тавиулчихаад байхад нь үндэсний үйлдвэрлэгчдийн нэг нь боолттой хөлд нь зориулалтын гутал үйлдвэрлэж өгсөн байна. Хэмжээ нь том жижиг боловч ялгагдахааргүй дэгжин гутлыг ажлын хагас өдөрт багтаан үйлдвэрлэж байгаагаас харахад  манайханд чадахгүй, мэдэхгүй гэх бэрхшээл нэгэнт арилсан байна гэж Ерөнхий сайд үйлдвэрлэгчдэд урам хайрлалаа. Гагцхүү одоо хамтын хөдөлмөр, хоршиж ажиллах л үлдээд байгааг мөн хэлж байлаа. Тиймээс Монгол Улсад ажиллаж буй уул уурхайн компани бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээхангаж заншихын дээр барилга байшин бүрийг дотоодын түүхий эд материалаар барьдаг болчихвол өнөөдрийн энэ үзэсгэлэнгийн зорилго биелнэ хэмээн тодорхойлж байна.
 
“Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэнд нийтдээ 160 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд хамгийн алсаас зорин ирсэн компани нь “Дархан мах” компани юм. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэл түүн дотроо мах болон сүүний чиглэлийн үйлдвэрлэл зонхилж буй бол ноос ноолуур, хөнгөн үйлдвэрлэл, эм ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч өөрсдийгөө чамлалгүй үзэсгэлэнд оролцож байлаа. Тэдний дотор хивсний үйлдвэрийн хаягдал утсаар шаахай үйлдвэрлэсэн хоёр буурай бусдаас содон байлаа. Бас нэгэн сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгчийн тоонд “Монголфлора” төв багтаж байсан юм. Тус төв нь өнгө үзэмж төгс цэцгүүдийг монгол хөрсөнд нутагшуулан үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг ажээ. Энэ мэт олон сонин содон үйлдвэрлэл эрхлэгчидтэй та  “Үйлдвэрлэлийн шинэ эрин үе-ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэнгийн танхимд уулзах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр худалдаа хийхгүй ч хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагаагаа эхлүүлэх болмжийг иргэд, аж ахуйн нэгжид олгох ажээ. Үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж