Перугийн Засгийн газраас өчигдөр алслагдмал Амазоны ширэнгэн ойн бүсэд байгаль орчны онц байдал зарласан байна. Перугийн албаныхны тайлбарласнаар энэхүү шийдвэр нь Амазоны ширэнгэн ойн бүс олон жил газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс болж ихээхэн хэмжээний бохирдсонтой холбоотой гэнэ. Түүнчлэн газрын тосноос үүдэлтэйгээр Амазоны ойн бүсээс гадна түүнээс эх авсан “Пастаса” мөрөн ч хар тугалга, бари, хром зэрэг металиудаар бохирдсон аж. Перугийн Амазоны ойн сав газарт тус улсын хамгийн том газрын тос, байгалийн хий олборлолтын “Pluspetrol” компани 12 жилийн турш олборлолт явуулж буй бөгөөд тус компани өнгөрсөн хугацаанд байгаль орчны нөхөн сэргээлт хангалтгүй хийсэн байна. Үүнээс өмнө 1971 оноос “Occidental Petroleum” компани Перугийн Амазоны ойн сав газарт үйл ажиллагаа явуулж байсан боловч мөн л байгалийн нөхөн сэргээлт хийлгүй их хэмжээний газрын тосны үйлдвэрлэлийн хорт металаар орчноо бохирдуулсан аж.
Перугийн Засгийн газраас Амазоны ширэнгэн ойн бүсэд 90 хоногийн байгаль орчны онц байдал зарласан бөгөөд албаныхан энэ хугацаанд ширэнгэн ойн бүсэд үйл ажиллагаа явуулж байсан компанид нөхөн сэргээлт хийх үүрэг өгч, бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахаар болсон байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр Перугийн албаныхан үүнээс өмнө өнгөрсөн нэгдүгээр сард “Pluspetrol” компанид 11 сая ам.долларын торгууль ноогдуулж, байгаль орчинд учруулсан хор хохиролоо арилгахыг үүрэг болгожээ.
Перугийн Амазоны ширэнгэн ойн бүсэд кечуа, ашуар зэрэг омгийнхон ан ав хийн амь зуудаг байна.
Б.АНХТУЯА