Энэхүү шаардлагадаа, “Манай улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байна. Эртний уламжлалд морио, хүүхдээ хайрладаг байсан. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа боловч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Тиймээс Засгийн газарт Морин хуралдааны тухай хуулийг санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганы хугацаанд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж байна” гэсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгаагаар хурдны мориноос унаж бэртэн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирж эмчлүүлсэн хүүхдийн тоо зөвхөн 2009 оны эхний 9 сарын байдлаар гэхэд 158-д хүрч байжээ. Нийт эмчлүүлсэн хүүхдийн 85,4 хувь нь эрэгтэй, 14,6 хүүхэд нь эмэгтэй, хамгийн том нь 18, бага нь 4 настай байжээ. Өвчний оношийг эзлэх хувиар нь жагсаавал мөр ба бугалганы хугарал 34,2, шууны яс хугарал 19,6, гавал доторх бэртэл 11,4, гавал ба нүүрний ясны хугарал 8,86, шилбэний ясны хугарал 7,59, дунд чөмөгний хугарал 7,59, бусад гэмтэл 10,76 хувийг эзэлдэг байна. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд 326 хүүхэд мориноос унаж гэмтэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс өнгөрсөн онд 2 хүүхэд нас баржээ. Гэхдээ энэ тоо баримтад орон нутгийн мэдээлэл ороогүй аж. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
тэргүүн Норовын Алтанхуяг танаа
Монгол наадмын гурван бахархалт төрлийн нэг болсон морин уралдаан эртний түүхтэй, манай үндэсний түүх соёлын салшгүй нэгэн хэсэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааныг Засгийн газрын тогтоолоор болон хүссэн байгууллага, иргэдийн санаачилгаар жилийн дөрвөн улирлын турш зохион байгуулах хандлага байгаа ба түүнийг дагасан олон сөрөг үзэгдэл буй болж байна. Тэдгээрийн дотроос жил бүр олон тооны бага насны хүүхэд наадам, зугаа цэнгэлийн золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаатай Засгийн газар эвлэрэх учиргүй гэж үзэж байна.
Эдгээр асуудлаас бид Танд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Монгол Улс Үндэсний баяр наадмын тухай хуультай боловч бусад Хурдан морины уралдааныг зохицуулах тухай тусгайлсан хууль байхгүй байгаа нь уралдаан дагасан сөрөг үзэгдэл, түүний дотор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүн ёсны эрх зөрчигдөх шалтгаан болж байна. Одоо зохион байгуулж байгаа уралдаанууд “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм” болон “Монголын морин спорт, уяачдын холбооны уралдааны дүрэм”-ээр зохицуулагдаж байгаа ч тэдгээрт хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх байгууллага, эзэн тодорхойгүй, унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо тусгагдаагүй байна. Иймд Засгийн газраас дараах зайлшгүй зохицуулалтыг тусгасан Морин уралдааны тухай хуулийг санаачилж хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- Бүх төрлийн морин уралдааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах аюулгүй байдлын шаардлага, үндэсний стандартыг тодорхой болгох. Тэдгээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих хариуцлагын тогтолцоог тодорхой хуульчлах. Хууль зөрчиж, хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хариуцлагыг хатуу тогтоох.
- Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын эрх, үүрэг оролцоог баталгаажуулах
- Унаач хүүхдийн амь нас, болзошгүй ослын тусгайлсан даатгалыг буй болгож, бүх унаач хүүхэд уг даатгалд хамрагдах шаардлага, нөхцөлийг хуулиар бүрдүүлэх
- Өвлийн морин уралдаан бага насны хүүхдийн эрүүл мэндэд учрах эрсдлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа бодит байдалд дүгнэлт хийж, одоо мөрдөж байгаа дүрмээр “тухайн жилийн намрын дунд сарын 17-ноос хаврын тэргүүн сарын 3-ны хугацаанд морин уралдааныг хориглосон” хугацааг сунган “хаврын адаг сарын 17” болгож өөрчлөх
- Хэт бага насны хүүхдээр морь унуулахгүй байх. Унаач хүүхдийн насны доод хязгаарыг хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенци, эцэг эхчүүд, олон нийтийн санал бодолд тулгуурлан хуулиар тогтоох
- Морин уралдааныг мэргэжлийн спорт болгон хөгжүүлэхийг түлхүү дэмжсэн бодлогын зохицуулалтыг буй болгох
- Улсын их баяр наадмаас бусад үед Засгийн газрын тогтоолоор элдэв морин уралдаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг зогсоож морин спортын холбогдох төрийн бус байгууллага нь спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж хариуцлагаа хүлээдэг тогтолцоог бий болгох.
Хоёр. Засгийн газраас холбогдох тооцоо судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт суурилсан хууль боловсруулж өргөн барих нь зүйтэй бөгөөд хууль өргөн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд дахин бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирох нөхцөлийг гаргуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон хүсч байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА
Ц.ОЮУНГЭРЭЛ
М.БАТЧИМЭГ
С.ОЮУН
Д.АРВИН
Р.БУРМАА
Д.САРАНГЭРЭЛ