Оролцогчдын хувьд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг өөрчлөх шаардлагатай тухай онцолж байна. Уул уурхайн ассиоциацийн тэргүүн Н.Алагаа энэ тухай “УИХ-аас өнгөрсөн оны хавар дээрх хуулийг баталсан явдал нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн төдийгүй үндэсний компаниудад хийгдэхээр төлөвлөж байсан зарим гэрээ хэлэлцээрийг гацаанд оруулсан. Анх энэхүү хуулийн төслийг санаачлахдаа төрийн оролцоотой гадаадын хөрөнгө оруулалттай компанид тодорхой хэмжээний хязгаар тавих тухай асуудал хөндөгдсөн ч явцын дунд хувийн хэвшлийн салбаруудыг хамруулсан явдал нь эдийн засагт маш их хор хохирол дагуулсан. Анх гэнэтийн ашгийн татварыг зөвхөн зэсэнд ногдуулахаар төсөл боловсруулагдсан ч УИХ-аас энэхүү хуулийг батлахдаа алтыг хамруулах болж шийдвэр гаргасан нь эдийн засагт маш их хохирол дагуулсан. Үүнтэй агаар нэг хуулийг УИХ баталсан. Тиймээс цаг алдалгүй УИХ энэхүү хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байв.
Харин НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлыг төлөөлөн оролцсон төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсад тогтвортой хууль эрх зүйн орчин чухал болохыг онцолсон бол дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс түүнийг хүсэж байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажиллах болсноор өмнөх Засгийн газрын үед төлөвлөж, байсан төсөл хөтөлбөрүүдийг үндсэнд нь зогсоосноор энэ нь үндэсний компаниудад нэлээд том хүндрэл учруулах болжээ. Нөгөөтэйгүүр, Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсыг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд өмнөх Засгийн газрын төлөвлөж байсан ажлуудаас хэдийг нь тусгав, хэр түүнтэй уялдаж нийцэв гэдгээ дахин нягтлах ёстой. Ингэхгүй бол дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд гадаадын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийгээд хамтран ажиллахаар төлөвлөчихсөн байтал тэр бүгд явах бололцоогүй болж зогсонги байдалд шилжсэнээр бизнес хийх бололцоог хумьж байна. Төрийн залгамж чанар байх ёстой” гэж байлаа.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахад нөлөөлж байгаа бас нэг томоохон асуудал нь авлига хээл хахуультай холбогдож буйг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын төлөөлөгчид санууллаа. Тэд Монгол Улсад дараах зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, уул уурхайн салбарын хөгжилтэй уялдан Монгол Улс ирэх арван жилд эдийн засгийн хувьд хурдацтай өсөх хандлага ажиглагдаж байгаа боловч авлига, хээл хахуулийг бууруулах, засаглалыг сайжруулах талаар тодорхой ажлуудыг шат дараатай хийх нь энэхүү зорилгод хүрэхэд нөлөөлнө. Монгол Улсын төр засгаас авлигыг таслан зогсоох чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Авлигатай тэмцэх анхны хуулийг анх 1996 онд баталж, улмаар 2002-2010 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенциийг соёрхон баталсан. Мөн Монгол Улсын Их Хурал 2006 онд Авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж, уг хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газрыг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсын авлигын нөхцөл байдлыг гадаад болон үндэсний судалгаанд тулгуурлан үзвэл дараах байдалтай байна. Үүнд: Монгол Улсын авлигын нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд авч үзвэл дэлхийн улс орнуудын авлигын түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг харьцуулан үнэлгээ гаргадаг Транспарэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индекс судалгааны 2012 оны үр дүнгээр 176 улсаас Монгол Улс 36 гэсэн үнэлгээтэй 94 дүгээр байрт орсон нь өмнөх жилүүдтэй харьцуулахад төр засгаас авч хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагаа үр дүнгээ өгч байгааг харуулж байгаа юм. Үндэсний хэмжээнд хийгддэг Монголын авлигын индекс судалгааны авлигын цар хүрээний талаарх олон нийт, шинжээчдийн төсөөллийн үзүүлэлт 0.79 гарч байна. Өөрөөр хэлбэл, 2011 онд олон нийт, шинжээчдийн дунджаар тэдний 79 хувь нь Монгол Улсад авлига түгээмэл байна гэж үзсэн нь 2009 оныхоос 4.0 пунктээр нэмэгджээ. Үүний дотор Монгол Улсад авлига түгээмэл үзэгдэл болсон гэж 2009 онд иргэдийн 79.4 хувь нь үзэж байсан бол 2011 онд энэ үзүүлэлт 81.4 хувь болж нэмэгдсэн байна. Нөгөө талаар Авлигын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт 0.02 гарч байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн жилийн зарлагын 2.1 хувьтай тэнцэх хэмжээний хохирол авлигын гэмт хэргийн улмаас учирч байна гэсэн үг юм. Тиймээс цаашид Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийн хувьд улам бэхжүүлэх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагаанд сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашиглах, авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах арга технологийг нэвтрүүлэн, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хэрэгжүүлэх байгууллагуудын албан хаагчдыг авлига, албан тушаалын гэмт хэргийг олж илрүүлэх, мөрдөн шалгах болон шүүх хангалттай мэдлэг туршлага болон ур чадвартай болгон хөгжүүлэх талаар төрийн тодорхой бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар нь орон нутагт салбар, бүтцийн нэгжгүй байгууллага. Иймд Авлигатай тэмцэх газрын салбарыг орон нутагт байгуулах нь Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, гэмт үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах байдлыг таслан зогсоох, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, мэдээ мэдээлэл түргэн шуурхай олж авах ажлыг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна. Мөн гэрч, мэдээлэгч, хохирогч, шинжээчдийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргах эрх бүхий субьектын баталсан актаас хүнд суртал чирэгдэл учруулсан, шат дамжлагыг бий болгосон, төлбөр хураамж тогтоосон заалтуудыг судлан өөрчлөх, авлига үүсгэж болзошгүй заалтуудыг хүчингүй болгох, өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар хуулийн төсөл боловсруулан батлуулах. Түүнчлэн Авлигатай тэмцэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд практик дээр тодорхой бус, бүрэн хэрэгжүүлэх боломжгүй зэрэг байдлыг харгалзан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, уул уурхайн ашгийг үр өгөөжтэй зарцуулах, засаглалыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, байгууллагад нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчлэх нөхцөлийг хангах чиглэлээр үндэсний хууль тогтоомжийг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн зүйл заалтад нийцүүлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлага харагдаж байна. Тухайлбал, Гадаадын төрийн албан хаагч, албан тушаалтан болон олон улсын байгууллагын албан тушаалтны хээл хахуулийн асуудлыг гэмт хэрэгт тооцох, хуулийн этгээдийн хариуцлагын асуудал хөрөнгө буцаан шилжүүлэх, гэрч, хохирогч, мэдээлэгчийн хамгаалалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байна гэсэн зөвлөмж өглөө.