Үндэсний статистикийн хорооноос
инфляцийн хурд өмнөх жилүүдийг бодвол тодорхой хэмжээгээр саарсан талаар
мэдээлсэн. Гэхдээ он гарсанаас хойш өнгөрсөн хоёрдугаар сарын дүн
мэдээгээр 2.8 хувиар өссөн гэх тоо гаргав. Харин хагас жилд болон энэ
оны төгсгөлд инфляци ямар түвшинд байх талаар сонирхолтой, бодитой
гэмээр нэгэн судалгааг хийжээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш
нар “Хэрэглэгчийн итгэлийн индекс” гэх түүвэр судалгааг хийсэн байна.
Тэд өмнө нь ч гэсэн хэд хэдэн удаа уг судалгааг явуулдаг байсан боловч
харамсалтай нь олон нийтэд биш сургуулийн тэнхмийн хүрээнд л дүн мэдээ
нь үлддэг байсан гэхэд нэг хилсдэхгүй. Хамгийн гол нь энэхүү судалгаа
тухайлбал, инфляцийн түвшнийг авч үзэхэд өнөөх өсөлттэй үетэй бараг
таарч байгаа нь их сонин. Тодруулбал хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний
үнэ ирээдүйд ямар байх талаар айл өрхүүдээр явуулсан тусгай аргын
судалгаа юмсанж.
МАНАЙ УЛСАД СУДАЛГАА ДУТАГДАЖ БАЙНА
Инфляцийн шалтгааныг нь сайн тогтоодоггүй, судалгаагаа ойр ойрхон
хийдэггүй учраас төр засгаас явуулсан бодлого, шийдвэр нь хүрэх ёстой
газраа хүрдэггүй талаар олон хүн шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл манай улс
судалгааны дутагдалд орж байгаа болохоор нүдээ олсон ажил хийж чаддагүй
аж. Дээр дурьдсан судалгаагаар оролцогчдын 64.9 хувь нь барааны үнэ энэ
оны хагас жилийн дотор өснө гэх төсөөлөлтэй байгаа гэнэ. Харин 67.5
хувь нь нэг жилийн дараа үнийн өсөлтийн ерөнхий түвшин ажиглагдана гэж
үзжээ. Гэхдээ төр засаг, хэрэглэгчдийн санааг хамгийн их зовоодог
инфляцийн өсөлтийг өрхүүд нэлээд сонирхолтой байдлаар төсөөлж байна.
Тодруулбал хагас жилийн хугацаанд инфляци өснө гэж хариулсан нийт өрхийн
86 хувь нь инфляцийн түвшин 10 хувиас хэтрэхгүй гэсэн бол 10,9 хувь нь
11-20, үлдсэн 3,1 хувь нь 21-30 хувь байна гэж хариулсан байна. Үүнээс
жилийн хугацаанд инфляци ямар байх талаар судалгаанд оролцогчдын дийлэнх
хувь нь өөдрөг төсөөллийг хэлжээ. Айл өрхүүдийн 66,5 хувь нь инфляцийн
түвшин 10-аас доош, 29,2 хувь нь 11-20, 4,3 хувь нь 21-30 хувьд хүрнэ
гэсэн хүлээлтийн дүн гарчээ. Сүүлийн үед эдийн засгийн тухай бага сага
ойлголттой бүхэн хамар дор ам байна гэгчээр инфляцийн тухай хүссэн
тоогоо хэлж иргэдийг төөрөгдүүлсээр ирлээ. Бүр тодруулбал “би эдийн
засагч” гэж овоглосон хүн болгон сайнаасаа илүү саар мэдээллийг олон
нийтэд хүргэж тэр хэрээрээ эдийн засаг, улсын төсөвт хар шуургыг
дэгдээчихдэг. Энэ бол өнөөдрийн бидний амьдарч буй цаг үеийн бодит
байдал, туулсан буруу замнал. Асуудалд судалгаа, үндэс муутай ханддаг,
ярьдаг болохоор гадныхан манайханд дурамжхан хандсаар ирсэн. Уг нь
судалгаа нь бодитой байвал ажил хийхэд маш дөхөм болох талаар
Монголбанкны салбарын нэгэн захирал хүртэл хэлж байсан удаатай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨӨЛӨЛ БИЕЛЛЭЭ ОЛЖ МАГАДГҮЙ
Энэ бүхнээс үзэхэд хэрэглэгчид инфляцийг 10-аас доош хувь байхаар
төсөөлж байна гэдэг нь үнэндээ том амжилт гэж болохоор. Учир нь өнгөрсөн
онд 17 бүр 20 хувийг шүргээд байсан хэрэглээний үнийн индекс Монголын
эдийн засагт бараг хатгалгаа авчрах шахсан. Тэгвэл тэр 17 хувиас одоо
улсын хэмжээнд 11,3 хувь болтол буурсан амжилт юуны үр дүн байж болох вэ
гэдэг асуулт гарч ирнэ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал албан
тушаалаа авсныхаа дараа инфляцийн түвшинг энэ онд найман хувьд хүргэнэ
гэх төсөөллийг хэлсэн. Магадгүй “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ээр ирэх
оны аравдугаар сард 9,3 хувьд байх дүр зураг түүний төсөөллийг үнэн гэх
баталгааны илрэл ч байж болох юм. Гэхдээ энэ судалгаа Н.Золжаргал гуайг
төв банкны ерөнхийлөгч болох үеэр гарсан. Нөгөөтэйгүүр инфляцийн өсөлт
саарсан бас нэг шалтгааныг Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй
арга хэрэгсэл, хөтөлбөрүүдийн үр дүн гэж харах нэг хэсэг бий. Харин тус
хөтөлбөрийн амжилт ойрын гурван жилээс наашгүй гэх хариултыг өгөх нь ч
бас байгаа. Мөнгөний бодлогын талаар манай сониноос явуулсан цуврал
хэлэлцүүлгээр эдийн засагчид “Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна,
инфляци буурна гэсэн мэдээлэл иргэдэд эерэг хандлага төрүүлсэн болохоор
инфляци хүлээлтээс үүдэн буурч байгаа” гэж зарим нь онцолсон.
Гэвч нөгөө хэсэг нь Н.Золжаргалын найман хувьд хүргэнэ гэх төсөөлөл
тооны хувьд байж болох ч Монголд үйлдвэрлэл, нийлүүлэгчид хангалттай биш
байгаа өнөө үед инфляцийн дайралтаас ангижрах боломжгүй гэдгийг зарим
нь хэлж буй. Ямартай ч 20 хувь руу тэмүүлж байсан инфляцийн хурдыг
Монголбанкнаас явуулж буй бодлого бага ч атугай сааруулчихлаа гэхэд нэг
их буруудахгүй байх. Тэгвэл өмнөх жил залуургүй завь шиг хурдалж байсан
инфляцийн өсөлтийн гол буруутан нь хэн байв. Хариулт нь өмнөх Засгийн
газрын орлогод биш зарлагад чиглэсэн бодлого эрэлтээс үүдэх инфляцид
нөлөөлснийг эдийн засагчдын ихэнх нь хэлсэн. Тэгэхээр одоогийн засаг
хавтгайрсан халамжийг багасгасан гэх боловч үнэн хэрэг дээрээ эрэлтээс
шалтгаалах инфляцийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлэхийг Монголбанкны
ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд онцолж байв. Яагаад гэвэл ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн олговор өгч байгаа, мөн хүүхдийн
мөнгө, эхчүүдийн одон, оюутны тэтгэмжүүдийн олголт хэвээрээ. Үүнийг
Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаанд ч гэсэн дурьдсан байна
билээ. Энэ бүхний эцэст иргэдийн хүлээлт инфляцийг ганц оронтой тоонд
хүргэх боломж бий гэсэн үнэлэлтийг өгсөн ч харамсалтай нь зарим сөрөг
нөлөөлөл буураагүй гэдгийг учир мэдэх нь онцолж байна.
Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин