Хайрлан санах Хан Цээл нутаг минь

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Хайрлан санах Хан Цээл нутаг минь

    Бэсүдийн Их овогт Санжавын ТҮДЭВВАНЧИГ
Саяхан нийслэл дэх Говь-Алтай аймгийн Цээл сумын Нутгийн зөвлөл ”Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүд, сумын уугуул иргэд цугларан сумынхаа шинэ удирдлагуудтай уулзаж, орон нутагт тулгамдсан асуудлаа хэлэлцэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цээл сумд ажиллаж байгаа “Таян нуур” уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд халтай сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас зохистой арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгаа тухай санаа зовиносон бичлэгүүд цацагдсаар байна. Эх орон нэгтнүүд алс баруун хязгаарт Цээлчүүдэд асуудал үүсч байгаад хөндлөнгөөс ийн анхаарч бичиж, үзүүлж байхад тэнд өсч өндийсөн би яагаад зүгээр сууна гэж.

Аливаа хүн амьдралынхаа ая таатай нөхцлийг харж аж төрөх газар орноо сонгох. Тэр нутаг орон нь түүнд амар амгалан, аз жаргал, амьдралын сайн сайхныг бэлэглэх. Бидний төрж өссөн, идээшиж дассан төрөлх Цээл нутаг минь тийм л нэг диваажин билээ. Энэ нутгийн тухай ярихад онцлох шинжийг нь дурдалгүй өнгөрөх аргагүй. Цээлийн нутаг дэвсгэр нь цэнхэр уулсаар хүрээлсэн уужим цээл хоолой. “Цээл” хэмээх нэр нь уудам цэлгэр, бас горхи булаг, шанд гэсэн утга агуулдаг юм билээ. Сумын төв далайн түвшнээс 2000 гаруй метрт оршдог гэхээр зүйрлэвээс Алтайн өндөр зоон дээр нэг том мөнгөн завьяа тавиастай байгаа гэлтэй. Энд зуд турхан, гай гамшиг болох ёсгүй гэнэм. Сумын төв байршдаг газар бас л сонин содон. Нилээд хэдэн газар сэлгэсний дараа жигүүртний хаан Хангарьдын шинжтэй гэгддэг “Бүрэнжаргалан” хайрханы өвөрт, “Харын шанд”-ны хөл дор “Цагаан арслант” дэнжийг түшиж энэ суурингийн шавыг тавихдаа “унаа малд устай ундтай, дэрстэй хулстай зүгээр газар энэ болно” гэсэн гэдэг.

Тэр нь ч юу юм бэ, Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэр үеийн удирдлагын хар хайрцагны бодлогод хэд гурван зүйл багтаж байсан бол уу гэж бодогддог. Газар мундсан биш заавал энэ боржин хадан дунд суурьших шийдвэр гаргаад байхдаа яадаг байна. Ийм хадан дунд байрладаг сумын төв Монголд манайхаас өөр нэг олон байхгүй л бол уу. Манай ангиас төрсөн мал аж ахуйн чиглэлийн эрдэмтэн Бэгзжавын Мандах зах зээлийн үнэт түүхий эд ноолуурын судалгааргаар багш Загдсүрэнгийнхээ хамт нутгаараа ирж аавын минь хотноос хэдэн хар ямааных нь  ноолуурт хэмжилт хийгээд буцахдаа манайхаар бууж хоноглов. Загдсүрэн гуай өглөө эрт босч гэрээс урагшаах хадан дундуур нилээд удаан хугацаагаар  алхаж явж  ирээд дуу алдаж, “юун Пикассо, …түүний бүтээл дэлхийд алдартай. Түүнээс давсан сайхныг байгаль өөрөө бүтээснийг танай энэ цахир хаднуудаас харж болж байна, цаашид энэ сум энэ байгаа байдлаараа гадныхны нүдийг хужирлаж мөнгө олж болох газар байна” гэж билээ. Саяхны түүхийн хуудсанд энэ цахир боржин хад хасаг гоминданы тонуулчдаас цээлчүүдийг хамгаалах цайз хаалт хамгаалалт болж ч байсан гэдэг. Түүнийг гэрчлэх Шивээ цахир гэж бий, түүний тухай түүх бас бий. Алтайн нурууны алдарт Цагаан голыг өгсч, Найман аймгийн Таян хааны алдрыг авч мөнхрөн цэнхэртэж үлдсэн Таянгийн нурууг даван, Аж Богдоос чанадыг зорих их зам энэ сумын төвийг тойрох боломжгүй. Баруун хязгаарыг донсолгож тархай буурай ард олны зүрхэнд цус хуруулж явсан Дамбийжанцан энэ л замаар баруун зорчиж энэ л цагаан дэнж дээр хоноглож явсан гэдэг. Усны хатуулаг гээч эрдэс давсны хувь найрлага өндөртэй ус уудаг цээлийнхэнд цэвэр ус эрдэнэ. Ерээд оны дундуур Шведийн алмазан хошуут өрөмтэй шилдэг технологийн машинаар сумын төв орчмын энэ цахир хадан дэвсгэрийг нэвт өрөмдүүлж хэдэн худаг гаргуулж билээ. Тэр өрмийг тавьж байсан сахалт инженер “танайд ховор усыг чинь гаргаж өгөх гэж бид ирсэн билээ. Алтыг чинь бас хамт гаргаад өгчихлөө дөө” гэж хэлж билээ. Энэ үг чулуун хөрсөн дор нь бас нууц байгааг илтгэнэ бус уу. Сумын төвийг нүүлгэх төсөлд хамрагдах талаар Засаг дарга А.Түдэвийн мэдээллийг сонсоод энэ үгийг хэлмээр санагдлаа. Цагаан арслант дэнжээс дээш битгий гарч суурьшаарай гэсэн мэргэн шинжээчийн захиасыг үл тоож сургуулийн барилгыг гол өгсүүлж бариулсан дарга нарын алдаа гэмийг хожуу ч гэсэн залруулж, сургууль эмнэлэг захиргаа гурвыг нисэх буудлын цагаан дэнж рүү хандуулж шилжүүлбэл төр захиргааны хийх ажил үүрэг болчих биш үү. Шинэ суурьшлын бүс байгуулах бусад асуудлыг нь ард иргэд өөрсдөө шийдчихнэ дээ.

   Хамаг түүхээ өвөлсөн Таянгийн нуруу

…Цэнхэр Алтайн хөх салхины орны эзэд бид цаг ууртаа зохицож нүүдэл суудал хийнэ. Дэлгэр зуны цагт агь ганга, шаваг шазагтай хярын зусландаа гарч, хэдэн малдаа тарга хүч авхуулна. Намрын сэрүү орохоор таана хөмөл, хялгана багалуурт бэл хоолойдоо бууж налайна. Хөр цасны хайрууд оройгоороо нарийн соргог монголж улалж өвс, ерхөг согоовортой, хүүш хөндийдөө дэрс түнгэ, тэсэг  харгана, ортууз бажууна, буйлс  эмгэлж, говьдоо заг шар мод, сухай хармаг, тосон торлогтой  Хайрханыхаа  халуун дулаан суганд ороод тухална. Цагаан сарын дараа урь орохоор намар давж нүүсэн хаваржаандаа эргээд гараад ирнэ. Намраар нөөцөлсөн үүцээрээ цагийн хатууг давж байгаа нь тэр. Шандаст хурдан хүлгүүдээ шалын хоолойгоор уралдуулж нэгэн оныг амар жимэр үдсэн баяр, байгаль эхийн шалгуурыг ажралгүй давсны бахдал болгон хүн малгүй нуруу магнайгаа тэнийлгэн наадна.

 Дөрвөн цагийн эргэлтэнд энэ хөх асар дор Цээлийн малчин, нүүдэлчин ардын амьдрал иймэрхүүгээр зуун зуныг элээжээ. Ян сарьдаг оргил хавцалд нь янгир нь ямаатай нийлж, гэрийн тооноор харагдана. Онь хөтөл, гүвээ толгодоор өнгийхөд хөрслөг сорлогоороо алдартай “хулгар шарууд” нь хуурсан тариа будаа шиг бужигнаж, барьж идэх дөхнө. Mөн ч адтай хошгирдог амьтад шүү. Энэ аргал, янгир, хулан, тарвага зэрэг амьтад даанч цөөрч дээ. Хурдан унаа, хол тусгалтай буу, хүйтэн сэтгэлийн үр дүн энэ буюу. Газар дээрх баялагт гамгүй хандсаны бас нэг жишээ хэлье. Илч дулааны ижилгүй цэнэг, тэсвэр тэвчээрийн тэнгэрлэг  жишээ болдог загийг түлшинд харамгүй ашигласны гай, лайг одоо бид амсаж байна. Хуурайшилт цөлжилт, элсний нүүдэл  улаан түйрэн гэх энэ аюулт үзэгдлүүд бүгд бидний харалган үйлдэлээс эхтэй. Нэг үе өвлийн бэлтгэл хийж түлш бэлдэхдээ нэгдлийн тракторуудыг хооронд нь троссоор холбоод  хоорондоо зайтайгаа зэргэцээд  давхихаар хүчит техник, төмөр тросс хоёрын ард юу үлдэх билээ. Ингээд л тэмээн сүрэг олддоггүй байсан ой шугуй шалдан нүцгэн хоцорч орь дуу тавин үлдсэн юмдаг.

 Онгон дагшин уул усыг минь орвонгоор нь эргүүлж, унаган сайхан дүр төрхийг нь алдагдуулан хөндөж хүчит техникийн сүрийг үзүүлэн мөнгө ашгийн төлөө бүхнээ зориулсан хэсэг хүн дур зоргоороо аашилж байна. Газар доорх баялгаа ашиглах цаг аргагүй иржээ. Гэхдээ энэ ашиглалт олборлолт нь дүрэм журмаа зөрчиж, хазайж гажихын хэрээр газар дээрх үнэт зүйлсээ хамт устгаад, энд амьдардаг хүн зоны амьжиргааны эх үүсвэрийг давхар үгүй хийж байна гэдгийг ухаант хүн бүр ажиглан харж байгаа биз ээ. Амгалан тайван аж төрөх нөхцлөө  газрын эзэн лус савдагтаа даатгаж, арван гурван овоогоо аргадан тахиж ирсэн бид арав таван төгрөгт хууртаж алтан сайхан нутаг усаа алдалгүй, арилжилгүй, алс ирээдүй үр хойчоо бодож амьдармаар. Жирийн малчин ард эх байгаль дэлхий, газар нутгаа ухамсар хүмүүжлийнхээ хэрээр үеийн үед хамгаалаад болоод байсан цаг нэгэнт өнгөрсөн нь илэрхий тул үндсэн хуулиар дархлагдсан эрхтэй төрийнх нь хамгаалалтад энэ үзэсгэлэнт нутаг, уул усыг оруулах талаар Цээлийн иргэд үүсгэл санаачилга гаргах шаардлагатай болчихжээ.

Ээтэн гутлынхаа  хоншоорт гаансныхаа үнсийг тогшиж,  адуу малаа услан өдөржин худаг сахидаг янхир хөх өвгөчүүл, түлсэн галынхаа цогийг цаг бүрий манаж, сүү цайныхаа дээжийг өглөө үдэшгүй өргөдөг үсэн буурал эмэгчүүл хүй цөглөж хүн болсон газар шороо, унаж  босож ухаан суусан ус гол, сүү салхи үнэртсэн, сүрлэг Алтай нутаг усаа хайрлан хамгаалахын учир утгыг үр хойчийнхоо зүрх, тархины гүнд их л гүн суулгаж өгсөн юм шиг санагдаад байх болж дээ.



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж