“Мөнгөн мод” цомын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Мөнгөн мод” цомын эзэд тодорлоо

Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон “Мөнгөн мод” цомын эздийг тодруулан урамшуулдаг билээ. Өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Мөнгөн мод” цомын эздээр тодорсон шилдэг долоон уран бүтээлч ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргал, ССАЖЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил нараас шагналаа гардан авлаа.

2012 онд хийж бүтээсэн уран бүтээлээрээ нь нэр дэвшүүлэн “шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”, “шилдэг тайз, дэлгэцийн зураач”, “шилдэг тайз дэлгэцийн жүжигчин”, “шилдэг дуучин”, “шилдэг хөгжимчин”, “шилдэг бүжигчин”, “шилдэг утга соёлын өвийг өвлөн эзэмшигч” гэсэн долоон төрлөөр явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлч тус бүрт гурван сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомын хамт очдог юм.

“Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч”-аар “Бурхан өршөө” киног найруулсан Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн, кино найруулагч Загдын Батболд.

“Шилдэг бүжигчин”-ээр “Алтан ураг” бүжгэн жүжгийн мэргэдийн хаан Дармалагийн дүрээр Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Алтангэрэлийн Батхүү, “Шилдэг хөгжимчин”-өөр Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын хоёрдугаар уралдаанд эвэр бүрээ хөгжмөөр тэргүүн байр эзэлсэн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин Орхонбаатарын Чинбат.

“Шилдэг дуучин”-аар 2012 онд БНХАУ-д зохиогдсон дэлхийн дуурийн дуулаачдын XX уралдаан буюу Пласидо Домингогийн нэрэмжит залуу дуулаачдын Олон Улсын уралдаанд оролцож нэгдүгээр байр эзэлсэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшин.

“Тайз дэлгэцийн шилдэг зураач”-аар В.Шекспирын “Гамлет” жүжгийн зураачаар ажилласан Улсын драмын эрдмийн театрын ерөнхий зураач Түвдэндоржийн Ганхуяг, “Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин”-ээр В.Шекспирын “Гамлет” жүжгийн Гамлетын дүрийг бүтээсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ, “Соёлын өвийг өвлөн тээгч”-ээр Монгол хувцас болон түүнийг урлах уламжлалт гар урлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол костюмс”-ын захирал Банзрагчийн Сувд тус тус шалгаран “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгөөр шагнууллаа.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж