УИХ-ын дарга Тувагийн Дээд хурлын даргатай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Тувагийн Дээд хурлын даргатай уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Дээд Хурлын дарга Монгуш Хонук-оол Доржуевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Тува улсын Дээд Хурлын төлөөлөгчид хөрш Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

      УИХ-ын дарга уулзалтын үеэр хэлэхдээ, манай хөрш Тувагийн ард түмний ололт амжилтыг монголчууд чих тавин хүлээж байдаг юм. Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд ахицтай хөгжиж буйд сэтгэл хангалуун байна гээд манай хоёр улсын харилцаа олон зууны түүхтэй, хадгалан нандигнах уламжлалтайг онцлон тэмдэглэв. Тэрбээр цааш нь, хоёр улсын харилцааны чухал хэсэг нь бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа юм. Бид хойд хөршийн хил орчмын субъектуудтай харилцаагаа зохих хэмжээнд хөгжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж буйдаа баяртай байдаг юм. Ер нь манай хоёр улс хөрш аймаг, субъектууд болон бүс нутаг, хил орчмын хэмжээнд хамтран ажиллаж ирсэн туршлага, арга барилтай, цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах ихээхэн боломж байгааг сайн ашиглах нь чухал байгааг УИХ-ын дарга онцлов.

       Хууль тогтоох нөр их ажлынхаа зав зайгаар цаг гарган хүлээн авч уулзсанд нь УИХ-ын даргад талархаж буйгаа Тувагийн Дээд Хурлын дарга илэрхийлээд  сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөрш аймгийн төдийгүй бүс нутаг, улсын хэмжээнд өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа онцоллоо. Мөн Монголын талаар манайхан мэдээлэл сайтай, анхааралтай ажиглаж байдаг юм. Манай парламентын төлөөлөгчид энэ удаа Увс аймагт айлчлах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутнуудтайгаа маргааш уулзана. Хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаааны байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн асуудлууд ч нэлээд бий гэлээ. Тэрбээр тус улс төмөр замын чиглэлээр 100 тэрбум рублийн төсөвтэй томоохон төсөл боловсруулаад дуусч байгаа. Энэ замыг цаашдаа Монгол Улс, Хятадын Урумчи хоттой холбохоор төлөвлөж буйг УИХ-ын даргад дуулгаад ингэснээр хоёр талын хооронд худалдаа, тээвэр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ахиц гарах юм гэдгийг онцлов. Мөн Монгол Улстай аялал жуулчлал, үйлчилгээний салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг, сурах зүйл ч их байна гэдгээ илэрхийлээд УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Тува улсад айлчлахыг урилаа.

    Тувагийн парламентын зочид уулзалтын дараа УИХ-ын чуулганы үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцаж, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

    Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, албаны бусад хүн байлцлаа  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж