Энгэрийн цас хайлмагтан урссан хаврын өдөр өглөө эртлэн босч Төрийн ордоны зүүн хаалганы дэргэд очлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга сэтгүүлчдийн нэрийг асууж, аль сонин, телевиз болохыг тэмдэглэж машинд суулгасны дараа ч яг ямар ажлаар явах гэж байгаа талаараа хомсхон ойлголттой байв.
Өмнөх өдөр нь эрхлэгч маань утасдаж амралтын хоёр өдөр буюу энэ сарын 24-25-нд Өвөрхангай аймаг руу Ерөнхийлөгчтэй явна гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй учраас ямартай ч “албан томилолт” гэдгийг сайн мэдэж байсан юм. Ирц бүрдсэний дараа бидэнд дээр нь “нууц” гэх тамга дарсан томилолтын маршрутыг танилцуулж, материал тараахад л Өвөрхангай аймгийн Бүрд сум тэр дундаа Монгол Улсын хүйс, төв цэгт байрлах сумыг зорих гэж байгаагаа мэдлээ.
Аргагүй ч биз дээ, Төрийн тэргүүн хаашаа ямар ажлаар хэд хоногийн хугацаатай явах талаар урьдчилж мэдэгдэх нь хуулиар хориглосон учраас битүү таамаг төдийхөн мэдээлэл авсан бид нимгэн хувцастай даарна даа, малчны хотонд хоноглоно гэж байна гэх зэргээр өвөр зуураа ярилцсаар Улаанбаатар хотоос хөдөллөө.
Хоёр машинд хүслээрээ хуваагдаж суусан сэтгүүлчдийн баг өглөө 08.00 цагт хөдөлж Өвөрхангай аймгийн 19 сумын нэг Бүрд сум руу 344 км замыг туулахаар хөдөллөө.
…Манай машинд суусан багийнхан тун ч хөгжилтэй хүмүүс. Нэг нэгийгээ таньдаг, өчнөөн олон удаа томилолтоор явж сурсан бид хотын төвөөс гарангуутаа л дуу шуу болж, онигоо, улс төр, цаг агаар, малчны хот, гишүүд гээд хөндөөгүй сэдэв байхгүй хөхрөлдсөөр…Хооллох цаг ч болж замын гуанзанд буух үед бидний араас Ерөнхийлөгч болон дагалдан яваа хүмүүсийн цуваа гүйцэж ирлээ.
Тогтсон цаг хугацаанд ажлаа амжуулах, Ерөнхийлөгч ирнэ гэх сургаар сумынхаа төвд хүлээж байгаа иргэдийн уулзалтаас хоцрох эрх бидэнд бас Монгол Улсын Ерөнхийлөгчид байхгүй учраас уулзалтаа яг цагт нь эхлэхийн тулд цуваа тун ч хурдтай явж өнгөрлөө. Бид эртлэн гарч, цуваанд орж “түргэн аваагүй” учраас яаралгүйхэн хооллоод араас нь хөдлөв. Тус аймгийн түүхт газруудын нэг болох “Элсэн тасархай” дээр аймгийн удирдлагууд Ерөнхийлөгч болон дагалдан яваа албаны хүмүүсийг угтаж авсан юм.
Бүрд сумын нутагт 13.40 цагийн орчимд очиж, Ерөнхийлөгчтэй 15.00 цагаас уулзахаар “болзсон” нутгийн иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Хар замаас тийм хол биш ч өвөлдөө цас их орж зам даваа хаагдсан үед аймгийн төвөөсөө ч бараг шахуу холбоо тасарчихаад байдаг Бүрд сумын иргэд Ерөнхийлөгч зорин ирж уулзаж байгаад тун баяртай байлаа.
Алдрын одон тэмдгээ зүүсэн өвөө, эмээ ач, зээгээрээ хөтлүүлэн ирж, залуус Ерөнхийлөгчид хэлэх, дуулгах үгээ бэлтгэж, цаасан дээр бичин тэр хавьдаа л бужигнав.
Ерөнхийлөгч Бүрд сумын Хөөвөрийн гүүрийн Үзүүр овоонд хаваржиж байгаа хоёрдугаар багийн малчин Т.Дагвын хотонд зочилж хаваржилтын байдалтай танилцлаа. Аймгийн сайн малчин Т.Дагвынх тарган сайхан хаваржиж байгаа талаараа ярьж нутаг орныхоо сонин сайхнаас танилцуулсны дараа яг товлосон цагтаа сумын Соёлын төвд иргэдтэй хийх уулзалтаа эхэллээ.
Тус сум үеийн үед ардчиллыг дэмжиж ирсэн бөгөөд сумын Засаг даргаар Б.Очирсүх гэх залуу ажиллаад удаагүй ч залуу хүн их зүйл хийх байх гэх итгэл байгаа гэдгийг нутгийн ардууд дуулгав.
Бүрд сумын Засаг дарга Б.Очирсүх анх удаа Төрийн тэргүүн ирж, ажил амьдралтай нь танилцаж байгааг бэлэг дэмбэрэлтэй үйл хэрэг гэдгийг онцолж, бид азтай хүмүүс юм хэмээлээ. Энэ хурал дээр яригдаж байгаа сэдэв бүхэн Ерөнхийлөгчийн анхаарлыг татаж байсан юм.
Иргэдийн хувьд эмнэлгийн хүрэлцээ хангамж, сургууль цэцэрлэг, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний чадвар, боловсролын салбар, уул уурхай, нутгийн хөгжил гээд дурьдахгүй өнгөрсөн сэдэв гэж байсангүй.
Хүн бүхэн өөр өөрсдийн бодол санаагаа хуваалцаж, Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлсэн ажлын сайныг нь магтаж, саар байгааг нь анхаарч, иргэдийн оролцоог дэмжиж, дарга нь иргэндээ үйлчилдэг төрийг бий болгож байгаад нь талархаж байлаа.
Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд 360 гаруй сум, 1575 баг байдаг. Бүх баг суманд өөр өөрсдийн гэсэн бэрхшээлтэй асуудал байгаа. Миний хувьд танай суманд гуравдахь удаагаа ирж байна. 1991 оны үед нэг ирсэн. Дараа нь Ерөнхий сайд байхдаа Улсын сайн малчны шагнал гардуулах гэж ирж байсан.
Харин энэ удаа танай сумыг онцлох болсон шалтгаан бол өвөлжилт хүндэрсэн, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа сумдын нэг гэж өвөлжин анхаарлын төвд байсан сумдын нэг учраас ирсэн юм.
Өвөлжилтийг хэр даван туулсан, хаваржилт ямар байгаатай биечлэн танилцах, цаашлаад миний ярьж, хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо-Шууд ардчилал” хөрсөнд буусан эсэх, суманд хэр хэрэгжиж байна вэ гэдгийг хармаар санагдлаа. Засаг даргын тамгын газар Засаг даргад бус иргэнд үйлчилж байгааг харъя.
Та бүхэнд ямар асуудал байгаа, тулгамдсан бэрхшээлтэй асуудал юу байна вэ гэдгийг надтай ярилцмаар байгаа бол сонсоход бэлэн байна” гэсэн юм.
Иргэд дээр дурьдсан асуудлаас гадна Бүрд сумаас УИХ-д гарсан гишүүн нь тангарагаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгааг Төрийн тэргүүн анхааралдаа авч ажиллахыг санууллаа. Монгол Улсын хүйс буюу төв цэгээс ажлын гараагаа эхэлж байгаа Төрийн тэргүүний ажилд амжилт хүссэн нутгийн иргэн н.Доржсүрэн Монгол Улсын төв цэгийн суваргыг улсын хэмжээнд хамгаалалтад авч, 1994 онд барьсан суваргыг нь шинэчлэх төсөв мөнгийг улсаас гаргаж өгөх хүсэлт тавив.
Иргэний бүртгэлийн ажилтнуудын хүнд суртал, сумын Засаг дарга удирдлагууд малчдаа эргэхгүй байгаа, “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилт муудсан, хөдөөгийн залуусын бэлэнчлэх сэтгэлгээнээс гаргаж, халамжийг бууруулах, сумын төвөө хар замтай болгох гэх зэрэг сумын хэмжээнд яригдах бэрхшээлээс гадна Тавантолгойн хувьцаа, Оюутолгой зэрэг улс орны хүрээнд анхаарал татсан асуудлыг ч тэд Ерөнхийлөгчөөс асууж, байр суурийг нь сонслоо.
Ерөнхийлөгч иргэн бүрийн асуултыг нэг бүрчлэн сонссоны дараа нэр цохон асуултад нь хариулав. Тэрбээр, "Монгол Улсын төв цэг дээрээс ажлаа эхэлж байгаа гэж хэлэхэд үнэхээр бэлэгшээж суулаа. Төв цэгийг яах аргагүй анхаарах ёстой. Бүрд сумын хувьд газар нутгийн байршил сайн юм байна.
Та бүхэн суманд хар зам тавьж өг гэж хэлэхээсээ өмнө Монгол Улсын төв цэгийг хар замтай болгож, аялал жуулчлалыг хөгжүүл гэж төлөвлөгөө гаргаад ирвэл албан тушаалтнууд анхаарч үзнэ.
Төрөөс малчдын талаар анхаарч байна. Халамжийг бууруул гэж хэлж байгаа иргэн Г.Оюун-Эрдэнэ таны түмэн зөв. Гэхдээ төр нь халамжлах ёстой гурван бүлэг байдаг гэж би боддог. Тэр гурвыг бид дэмжинэ.
Нэгдүгээрт, улс орондоо хийдгээ хийгээд өгчихсөн ахмадуудаа бид дэмжих ёстой. Хоёрдугаарт, ирээдүй хойч болсон оюутан залуусыг бид дэмжиснээр тэд илүү хариуцлагатай, боловсролдоо анхаарч, мөнгө бодох бус мэдлэг боддог болно. Сургалтын төлбөрөөс гадна өдөр тутмын хэрэгцээнд шаардагдах мөнгө нь эгэл иргэн таны халааснаас бус төрөөс гардаг болчихвол мэдлэг нимгэн боловсон хүчин төрж гарахгүй.
Гуравдугаарт, бид залуу ээжүүдийг дэмжинэ. Бид хэдэн тэрбум хүн амтай биш. Хэдэн сая ч биш. 2.8 сая хүн амтай улсад хүүхэд эрүүл чийрэг, өсч бойжих тусмаа л сайн. Үр хүүхдээ өсгөж бойжуулах гэж ажлаа орхин гэртэй сууж байгаа ээжүүдийг бид дэмжих ёстой. “Архигүй Монгол” гэж уриалсан нь хөдөөгийн малчид бидэнд таалагдаж байна гэж Г.Цэнджав та үзжээ.
Би санал нэг байна. Тамхийг одоо хязгаарласан. Бид эрүүл нийгэмд амьдрах ёстой. Архинаас гарсан хүмүүс, төрийн байгууллагын ёслол архигүй болсон олон жишээг дурьдаад ч барахгүй их учраас энэ ажлыг дэмжиж байгаа та бүхэнд талархмаар байна. Оюутолгойн гэрээнд анхнаасаа л шүүмжлэлтэй хандсан гэдгээ хэлсэн.
Энэ байр сууриа ч хамгаалсаар байх болно. Дараа би та бүхэнтэй эргэн уулзаж, энэ бүх ярьж байгаа зүйл ажил хэрэг болсон гэдгийг хэлэх болно” хэмээн нутгийн иргэдтэй уулзах уулзалтаа өндөрлөөд малчны хот руу хөдөллөө.
Төлийн дуу цангинасан малчны хотонд нэгэн шөнийг өнгөрүүлж, эхийгээ олохгүй хөл дээрээ тэнцэж ядан зогсох нялх төлийн дуунд сэтгэлийн амар амгаланг олох шиг л боллоо.
Монгол Улсынхаа төв цэг дээрээс өглөө нарыг харах азтай хувь надад тохиов. Зураг, түүхийг нь сонсохоос хэтрээгүй хангайн бугын барааг дэргэдээс нь шахуу харлаа, сүрдмээр юм аа.
Гурван ихэр хурга төллөсөн, багийн нутагт мэндэлсэн анхны саарал унага, ингэ ботголж, ямаа ишиглэсэн тэр сайхан өдрийн бэлэг дэмбэрэлийг бодохоор сэтгэлд өег санагдах аж. Нимгэн хувцаслаж гарсан ч хоёр өдөр дулаахан байсан учраас даарсангүй.
Харин өвөл ихээр орсон цас хайлж, шар ус ихэссэн учраас зам даваа хальтиргаатай байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. Гэсэн ч айлчлалын багт ямар нэг саад учирсангүй, тэнгэр хангай ч дулаахан, тогтуун байлаа.
Сайхан дурсамж үлдээсэн нэг хоногийн дурсгалтай томилолт Өвөрхангай аймгийн Бүрд сумын IV багийн нутагт үргэлжилсэн юм. Бид орой нар шингэхээс урьтаж тус сумын сайн малчин Ар хөшөөтөд хаваржиж байгаа дөрөвдүгээр багийн малчин Д.Төмөрбаатарынд зочилж тэндээ хонож айл саахалтын малчидтай уулзаж тэдний амьдрал ахуй, мал сүргийн байдалтай танилцан хууч яриа дэлгэцгээсэн юм.
Бүрд сум хэдийгээр өнгөрсөн өвлийг зудтай, гамшгийн байдалд өнгөрүүлсэн ч малын хорогдол харьцангуй багатайгаар хавартай золгож бог мал ид төллөж байгаа гэдгийг малчин Д.Төмөрбаатар хэлж байлаа.
Ерөнхийлөгчийг айлчилсан энэ өдөр тус багийн нутагт анхны гүү унагалж, саарал унага гарсанд нутгийн иргэд ихэд бэлэгшээж “Элбэгсаарал” гэх нэр өгчээ. Мөн тэр өдөр ингэ ботголж, гурван ихэр хурга төллөсөн гээд таван хошуу мал төллөсөн нь бидний хувьд ч бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсон юм. Сэтгүүлчдийн баг мөн л хоёр хуваагдаж малчин айлд хоноглов.
Манай групп малчин В.Батжаргал ахынд хонохоор очсон бөгөөд Ерөнхийлөгчтэйгээ хөөрөг зөрүүлж, тамхилаад ирлээ хэмээсээр гэрийн эзэн тун ч баяртай биднийг угтаж авлаа. Харин сэтгүүлчдийн нөгөө групп Чулуунбат малчныд хонож, хот, хөдөөгийн сонин сайхныг ярилцаж, хонь хургалсан, гүү унагалсан сонинг ярьсаар өглөө ирэв.
Бид ч гэрийн эзний Харгис гэх нохойтой танилцаж, Сосоно гэх муурнаас нь айж, даарна хэмээн битүү хучиж унтсан ч өглөө нь халууцаж хөөрч боссон, гэрийн эзэгтэйн амттай бууз, үхрийн шөлөнд чанасан аарц уусан талаараа нөгөө багийнхандаа сонин болгон ярив.
Нялх төллөсөн ишиг, хурганы уургийг өөр хурга ирж хөхөж байгааг авлигач хэмээн даапаалж, анх удаа ишиглэсэн ямаа ишгээ танихгүй хонинд долоолгож, өнөөх хөөрхөн амьтан нь эхийгээ танихгүй хонь даган майлж байгааг нь харж, хөхрөлдөв.
Гэрийн эзний сонирхолтой яриа, аргалын утаанд бүлээцэж халуу төөнөх Монгол гэрийн хойморт нэг шөнийг өнгөрүүлж, хотын утаа униараас түр ч гэсэн салсан бид өглөө эртлэн бослоо.
Төрийн тэргүүн болон дагалдан яваа албаны хүмүүс, сэтгүүлчид өглөө үүрээр Бүрд сумын нутагт орших Монгол Улсын төв цэгийн Уяа хэмээх өндөрлөгт гарч өглөөний мандах нарыг нутгийн иргэдтэй хамт угтлаа.
Өглөө мандах нарыг Төрийн тэргүүнтэй хамт угтсан иргэд хажууханд нь дүнхийх уулсын дээр буга бэлчээрлэж байгааг харж, мөн л бэлэгшээж байсан бөгөөд хараагүй нэг нь нөгөөдөө тайлбарлаж, хувьтай ерөөлтэй байгаагаа ярилцсаар өндөрлөгөөс буусан юм.
Үүний дараа Монгол Улсын төв цэгт хүрэлцэн очиж төв цэгийг тэмдэглэсэн цагаан суварганд сүү өргөж хүндэтгэл үзүүлэн тулганд гал бадраав.
Дараа нь иргэдийн оролцоо багт хэрхэн хэрэгжиж байгааг харахаар тус сумын хоёрдугаар багийн Иргэдийн нийтийн Хуралд оролцон Төсвийн шинэ хуулийн дагуу иргэд тус багт хуваарилагдсан 40 сая төгрөгийг хэрхэн зарцуулах талаар ярилцсан хэлэлцүүлгийг сонсч үг хэлсэнээр албаны гэхээсээ илүү адал явдал, сонин содон үйл явдалтай, энгийн элгэмсэг айлчлал өндөрлөлөө.
Эх сурвалж: www.mminfo.mn