
Дээрх асуудлын хүрээнд төлөөлөгчид зарим зүйлийг тодруулж байв. Тухайлбал, Жайка судалгаа хийхийн өмнө Солонгосын компани мөн метро байгуулах ТЭЗҮ-г хийсэн гэсэн. Тэрхүү судалгааны ажлыг ямар хөрөнгөөр хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ гэж байв.
Үүнд холбогдох албаны хүн “Өмнө нь тиймэрхүү судалгааны ажил хийгдсэн. Гэхдээ бид Жайкагаар албан ёсоор судалгааны ажлыг хийлгэсэн. Яагаад Жайкаг сонгосон гэхээр нэгд Жайка тус судалгааг өөрийн хөрөнгөөр хийсэн. Хоёрт Жайкагийн шугамаар Япончууд бидэнд гурван бодит ажлыг хийж өгсөн. Тэр нь Нарны зам, Нарны гүүр, мөн гэр хорооллын сургуулиудын өргөтгөлийн ажил. Япончууд төлөвлөгөөгөө хатуу чанд баримталж, асар өндөр түвшний чанарын гүйцтэтгэлтэйгээр хийдэг. Хоёрт төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэдэг учраас сонгосон” гэлээ. Мөн метро барих ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд төв замын ачаалалд ямар ч саад учруулахгүйгээр гүйцэтгэж болох боломжтой гэдгийг судалгааны хэсэг тогтоосон болохыг онцлов.
Харин төлөөлөгч Г.Ганбаяр төлөөлөгч “Та бүхэн шинэ технологийн тусламжтайгаар төв замд ямар ч ачаалал учруулахгүйгээр метро барина гэж хэлж байгаа чинь худлаа. Би өөрөө метро барих ажлын явцтай Сингапур, Милан, Япон зэрэг орнуудад очиж танилцаж байсан. Тэр бүх орнууд авто замд хязгаарлалт хийж нэг эгнээгээр зорчдог болгосон байсан. Би энэ үгээрээ энэ ажлыг эсэргүүцэж байгаа юм биш. Бид бүхэн эрсдлээ нарийн сайн тооцоорой гэж л хэлэх гээд байгаа юм. Манай улсын хувьд газар доогуурх байгууламж барьсан ямар ч туршлага байхгүй тул болгоомжилж байна гэв. Эцэст нь хуралдаанаар метро байгуулах төслийн ажлыг сайшааж үндсэн судалгаанд яаралтай шилжүүлэх нь зөв гэдэг дээр санал нэгдлээ.