“Энагурэ” баг хоёрдугаар тойргийг тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Энагурэ” баг хоёрдугаар тойргийг тэргүүлжээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээн "Буян Ухаа" спортын ордонд гуравдугаар сарын 11-30-ны өдрүүдэд үргэлжилж байна. Эрэгтэй 10, эмэгтэй 6 баг өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийг нэг ч хожигдолгүй “Энагурэ” баг тэргүүлсэн бол “Есөн-Эрдэнийн Уурхайчин”, ТЭЦ-4, “Алтайнбарс”, “Эрчим”, “Багануур” багууд удаалсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд гуравдугаар тойрогт багууд дахин тойргоор тоглож дөрвөн баг медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өчигдрөөс сүүлийн тойргийн тоглолтууд эхэлжээ.

Харин эрэгтэй 10 баг оролцож байгаагаас хоёрдугаар тойргийг “Эрчим” баг тэргүүлж, “Ноён”, “ИНЕГ”, “Алтайн барс”, МУБИС-ийн багууд удаалсан байна. МУБИС баг тавдугаар байрыг эзэлж бусад дөрвөн багийн хувьд медалийн төлөө тоглоно. “Эрчим” “Алтайн барс” болон “Ноён” болон “ИНЕГ”-ын багууд ирэх баасан гаригт тоглож хожсон нь аваргын төлөө, хожигдсон багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

“Хаврын нээлттэй тэмцээн”-ий эрэгтэйчүүдийн VI-X байр болон эмэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд өчигдрөөс эхэлсэн бөгөөд ирэх пүрэв гаригт өндөрлөнө.

Сануулахад, “Хаврын нээлттэй тэмцээн”-нд БНАСАУ-ын армийн “Дөрөвдүгээр сарын 25” багийг оролцуулсан бөгөөд тэд өнгөрсөн долоо хоногт нөхөрсөг тоглолтуудыг хийсэн. “Дөрөвдүгээр сарын 25” эрэгтэй баг дээд хэсэгт шалгарсан таван багтай тоглож таван хожил авсан. Харин “Дөрөвдүгээр сарын 25” эмэгтэй баг зургаан тоглолт хийхэд дөрвөн хожил авсан бөгөөд тус багийг "Энагурэ" /3:0/, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” багууд /3:1/ хожсон байна.

“Дөрөвдүгээр сарын 25” баг нь Ардчилсан Солонгосын Армийн аварга шалгаруулах тэмцээнд нэг удаа түрүүлсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд тус улсын волейболчид 30-аад жилийн дараа манай улсад ирсэн нь энэ аж.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж