Өмнөд Хятадын тэнгисийн маргаан дахин сэдрэв

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Өмнөд Хятадын тэнгисийн маргаан дахин сэдрэв

Өмнөд Хятадын тэнгисийг булаацалдаж буй улсуудын хооронд дахин маргаан сэдэрчээ. Вьетнам улсын зүгээс өнгөрсөн 20-ны өдөр Өмнөд Хятадын тэнгист орших маргаантай Парасел арлын ойролцоо загасчилж байсан тус улсын хөлөг рүү усан онгоцноос гал нээсэнд Хятадын талыг буруутгаж буй аж. Хятад болон Вьетнам улсууд нь нефть, байгалийн хийн багагүй нөөцтэй Парасел арлыг өөрсдийн эзэмшилдээ авахаар булаалддаг бөгөөд 1974 онд тус улсуудын хооронд болсон багахан хэмжээний дайны дараагаас БНХАУ тус аралд хяналтаа тогтоосон аж. 

ВВС-ийн мэдээлснээр Вьетнамын албаныхны зүгээс загасчлалын хөлөг онгоц руу гал нээсэн хэрэгт БНХАУ-ын усан онгоцыг буруутгаж буй талаар мэдээлсний дараа тус улсын ард иргэдийн дунд Хятадын эсрэг эсэргүүцэл, зэвүүцэл нэмэгдсэн байна.
Үүнээс өмнө энэ сарын эхээр Вьетнамын хоёр загасчлалын хөлөг онгоцыг Хятадын хамгаалалтын хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсээс хүчээр хөөн гаргасан аж.

БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгисийн “U” хэлбэртэй усан бүсийг өөрийн эзэмшлийн хэмээн зарласан бөгөөд энэ бүсэд олон улсын далайн тээврийн гол замууд болон нефть, байгалийн хийн нөөцөөр баялаг бүлэг арлууд багтжээ. Харин Вьетнам, Филиппин, Бруней, Малайз, Тайван зэрэг улсууд БНХАУ-ын  Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг эсэргүүцдэг байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж