Хэн хариуцлага хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Хэн хариуцлага хүлээх вэ?

Шүүхийг үл хүндэтгэн, шүүх хуралд хоцорч ирсэн гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр хорих ангийн байранд түлэгдэж, Түлэнхийн төвд эмчлүүлж буй. Тэрээр цагдан хорих ангийн Сахилгын өрөөнд хоригдож байхдаа тодорхойгүй шалтгаанаар биеийнх нь 35 хувь түлэгдээд байгаа юм.

Ш.Батбаярыг чухам ямар учраас ийнхүү түлэгдэж, гэмтсэн талаар одоогоор ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Тиймээс энэхүү хэргийн талаар албаныхан, өмгөөлөгчид, гэр бүлийнхэн ямар байр суурьтай байгааг цензургүй хүргэе.

Ш.Батбаяр: Цахилгааны утсанд богино холбоо үүссэн

Түлэнхийн төвд ирсний дараахан нь Ш.Батбаярын гэр бүлийнхний хийсэн бичлэгт “Миний хөл гарыг гавлаад нэг өрөөнд олон хүн хүчээр хорьсон. Гэнэт өрөөний дээд өнцөгт цахилгааны утас мааслах шиг болж, хар утаа гарч би шатаж эхэлсэн. Гавтай болохоор яаж ч чадаагүй. Хориод минут орилж, тусламж хүссэн ч хэн ч ирээгүй” гэж уйлж байсан.

Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл: Гал гарсан өрөөнд цахилгааны утас байхгүй

Шинжээчдийн дүгнэлт гарсан эсэх, хорих ангийн зүгээс ямар байр суурьтай байгааг тус ангийн дарга Ц.Очгэрэлээс тодруулахад,

-Ш.Батбаяр хоригдож байгаа өрөөнийхөө хүмүүс болон харгалзагч нартай зүй бусаар харьцаж, сахилгын зөрчил гаргасан учир тусгаарлах өрөөнд ганцааранг нь оруулсан. Гал гарсан тусгаарлах өрөөнд ил харагдах цахилгааны утас байгаагүй. Амь насаа хорлох магадлалтай байдаг тул тэр өрөөний ханыг нийлэг материалаар дулаалсан байсан. Мэдээж нийлэг материал болохоор галд амархан шатсан байх. Галын дохиолол дугаарснаас ердөө нэг минутын дараа харгалзагч нар очиж, Ш.Батбаярыг өрөөнөөс гаргасан. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа.

Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох: Хяналтын камер нь ажиллахгүй байсан

Ш.Батбаярыг ямар учраас түлэгдэж, хохироод байгаа тухай өнөөдөр түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос цөөн асуултыг тодруулсан юм.

-Ш.Батбаярыг ямар учраас түлэгдсэн гэж та бүхэн үзэж байгаа вэ?

-Энэ бол ердөөсөө хорин ангийн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариуцлагагүй алдаа юм. Ш.Батбаяр бол онц хүнд, хүнд гэмт хэрэгтэн биш. Тиймээс тусгаарлах өрөөнд хөлийг нь дөнгөлж, гарыг нь гавлан саатуулах ямар ч үндэслэл байхгүй. Өрөө бүхэлдээ шатаад, хорь орчим минут болж байхад хэн ч Ш.Батбаярт тусламж үзүүлээгүйгээс харахад буруутан нь хэн болох нь илт байгаа шүү дээ. Хорих ангийнхан галын дохиолол дугаармагц ирсэн гээд байгаа. Гэтэл хүн нэгхэн минутын дотор ийнхүү шатаж, тэр өрөө тийм байдалтай болох уу.

-Цагдан хорих ангийн өрөө бүрт хянах камер байдаг. Гал гарах үеийн хяналтын камерийн бичлэгийг харах хүсэлт гаргасан уу?

-Уг нь камерийн бичлэг байсан бол бүхний учир тайлагдах гээд байгаа юм л даа. Гэтэл тэр үед өрөөний камерийн бичлэг, галын дохиолол аль аль нь ажиллахгүй байсан гэсэн.

Ш.Батбаяр дээд тал нь хоёр жилийн хорих ялаар шийтгэгдэнэ

“Баавар гэртээ их хэмжээний мансууруулах бодис хадгалж байна” гэх мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн газраас түүний гэрт өнгөрсөн оны эхээр нэгжлэг хийсэн байдаг. Нэгжлэг хийх үед Ш.Батбаярын камерны уутнаас мансууруулах төрлийн бодистой таблеткан эм, элсэн ширхэгтэй хольсон нунтаг илэрч, түүний сэжигтнээр татах үндэслэл болсон. Түүнийг өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 16-нд мансууруулах бодис хадгалсан, худалдан борлуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон ч сар орчмын дараа батлан даалтад гаргасан юм.

Ш.Батбаярын өмгөөлөгч Л.Баттогтох “Ш.Батбаярыг ганцхан ширхэг таблетканаас болж жил гаруй шалгаж, буруутгаж байна. Хар тамхинаас биш шүүх хуралд хоцорч очсоноос болж Цагдан хорих ангид саатуулагдсан хүн шүү дээ. Олон нийт түүнийг хар тамхичин гэж ойлгодог болчихож. Шүүхээс Бааварыг буруутгасан ч дээд тал нь хоёр жилийн хорих ялаар шийтгэгдэх учиртай” гэсэн юм.

“Миний дүү хэзээ ч амиа хорлох хүн биш”

Ш.Батбаярын эгч “Миний дүүгийн нүүр, нуруу, цээж, хоёр гар нь тэр чигтээ түлэгдсэн. Хоолой нь бас түлэгдсэн тул зөвхөн шингэн юм гуурсаар ууж байгаа. Өнөөдрөөс босч 00-ийн өрөө орж эхэлсэн. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ, аз жаргалтай амьдарч байсан дүү минь хэзээ ч амиа хорлохгүй, дүүг минь ийм болгож хохироосон Шүүхийн шийдвэрийнхэнд үнэхээр гомдож байна” гэж нулимстай ярьж байсан юм.

Бааварын түлэгдсэн шалтгааныг тогтоохоор Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа. Хариуг хуулийн хүрээнд, үнэн бодит гарна гэдэгт ард түмэн итгэж байгаа нь мэдээж.

Эцэст нь Ш.Батбаяр амиа хорлохыг завдсан, гал гарсан, хүмүүжигчид хорлосон аль нь хамаагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдан хорих ангийнхан Монгол улсын иргэний амьд явах эрхийг хангаж, хариуцах үүрэгтэй юмсан.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж