Мандах нарыг төв цэгээс харлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Мандах нарыг төв цэгээс харлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Бүрд сумын нутагт орших улсынхаа төв цэгт хүндэтгэл үзүүллээ. Улсын геодези, зураг зүйн газраас хэмжилт хийн тогтоосон энэ цэг Монгол орны баруунаас зүүн, зүүнээс баруун, хойноос урагш, урдаас хойш хэмжихэд яг төв нь болдог. Их Монгол гүрний үед ч Монголын төв байсан, түүнээс хойших олон зуунд Монголын нутаг хумигдан багассаар өдийг хүрэхэд ч төв нь хэвээр үлдсэнээрээ онцлог. Төв цэгийн эргэн тойрны газар нутаг Хүйс, Уяа гэхчлэн ямар нэг байдлаар гол, төв гэсэн утгыг агуулсан нэртэй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 25-ны үүрээр төв цэгийн ар дахь Уяа хэмээх өндөрлөгт гарч өглөөний нар мандахыг харлаа. Тэнгэрийн хаяа үл мэдэг үүлтэй байсан ч өглөөний нар тунгалаг сайхан мандав. Нар гарахтай зэрэгцэн зэргэлдээх тахилгат уулын оройгоор хэдэн буга гарч ирсэн нь олны сонирхлыг татсан юм. Буганууд налгар тайван бэлчээрлэх нь айлгах аюулгүй тайван байдгийг гэрчилнэ.

Нар харсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч өндөрлөгөөс бууж Монгол Улсын хүйс, төв цэгийг тэмдэглэсэн цагаан суварганд сүү өргөн тулганд нь гал бадрааж улс орныхоо төв цэгт хүндэтгэл үзүүллээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж