Агаарын бохирдлыг бууруулах технологитой танилцлаа

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах технологитой танилцлаа

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд эрчим хүчний асуудалд нэлээд анхаарал хандуулж, ялангуяа нүүрснээс шингэн түлш боловсруулан гаргах технологийг илүүтэй сонирхож, уулзалтууд товложээ. Тэрбээр Вашингтон хотод зочлох үеэрээ Нийслэлийн ЗДТГ болон АНУ-ын “Женерал электрик” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байгаа. Түүнийг шийдэх хамгийн гол арга бол түлшээ солих буюу нүүрснээс хийн түлш гаргаж авах явдал. Ингэхгүйгээр агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй юм байна. Нүүрсийг шингэрүүлэх болон газ болгох асуудлаар Америкийн компаниуд хамгийн амжилттай ажиллаж байгаа. Энэ чиглэлээр ажиллаж дөчин жил ажиллаж байгаа хамгийн анхны, хамгийн том үйлдвэрийг нь бид очиж үзнэ. Магадгүй Америк, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байгалийн хийг их хэмжээгээр үйлдвэрлэж Хятад руу экспортлох боломж ч гарах байх. Юуны түрүүнд Улаанбаатарын агаарын бохирдолтой холбогдуулан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх буюу нүүрсийг цэвэрлэх энэ асуудлыг хэрэгжүүлэхийн тулд анхаарал хандуулж байна” хэмээн онцолсон байна.

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 22-ны өдөр АНУ-ын Хойд Дакота мужийн Бисмарк хотод ажиллах үеэрээ “Дакота Газ” үйлдвэртэй танилцжээ. Энэ үеэр “Блүүмберг” телевизийн сэтгүүлчид товч ярилцлага өгснийг хүргэж байна.

-Энэ үйлдвэр дэлхий даяар хаягддаг нүүрс хүчлийн хийн давхар исэл болох СО2-ыг хүртэл ашиглаж зардаг юм байна. СО2-ыг зарсан анхны компани. Энэ хийг агаарт хийсгэж бохирдол үүсгэхийн оронд бүтээгдэхүүн болгочихжээ. Олон жил тогтвортой ажиллаж байгаа ийм компанийн туршлага бидэнд их чухал. Ойрын хэдэн жилд Монгол Улс нүүрсээ байгалийн хий болгож хувиргаад түүгээрээ халаалтаа шийдэх юм бол хувьсгал болно гэж үзэж байгаа.

-Ийм үйлдвэрийг барихад санхүүжилтийн асуудал чухал. Барихад дөрвөн жил болохоос гадна ойролцоогоор 3-4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байгаа. Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх бололцоо байгаа бол?

-Ийм үйлдвэрийг барихад хувийн компаниуд дангаараа дийлэхгүй байж магадгүй. Олон эх үүсвэрээс санхүүжилтийг хийх хэрэгтэй. Америкаас технологийг нь авлаа гэхэд энэ улсын “Эксим” банкны санхүүжилтийг авч болно. Ер нь хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд учраас хэзээ өртгөө нөхөх бол гэж мөнгөний тухай бодохоос илүүтэй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байгаа Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх нь чухал. Цэвэр түлш гэдгээрээ чухал л даа. Мэдээж бусад химийн бодисууд нь дагалдах бизнес нь болох байх.

-2014 оноос эхлэн Монгол Улс эрчим хүчний дутагдалд орж магадгүй гэсэн зарим судалгаа байдаг. Засгийн газар болон эрх баригчдын зүгээс шийдлийг хэрхэн харж байгаа бол?

-Ер нь хэд хэдэн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Станцаа уурхайн аман дээр баривал гарах эрчим хүчний үнэ нь хямдардаг гэдгийг бид энэ үйлдвэрт ирээд харлаа. Эдний 1000 мегаваттын хоёр станцын ойр орчинд том хот байхгүй. Цахилгаанаа 9 муж улсад түгээдэг. Канадын хилээс Мексикийн хил хүртэлх есөн муж улс энэ үйлдвэрийн цахилгаанаар амьдардаг юм байна хэмээн ярьсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж