Тим
Бернерс Лийтэй хамт интернетийн ертөнц дахь хязгааргүй эрх чөлөө ирсэн
билээ. Энэ бол 1989 он. 1990 онд бид дэлхийн хамгийн анхны веб сервертэй
золгосон. Үүнээс хойш дэлхийн бүх томоохон компаниуд өөрсдийн цахим
хуудсыг компьютерийн ертөнцөд байрлуулж эхлэв. Чухам яг энэ цаг үеэс
интернэтийн сүлжээг ашиглан тухайн байгууллагын мэдээлэлд халдах үйлдэл
эрчимжиж эхэлжээ. Интернэт хөгжлийнхөө богинохон ч багагүй хугацаанд
технологи ч хөгжиж, төрийн болоод хувийн байгууллагууд интернэтийн
ертөнцөд өөрсдийн хувилбарыг байгуулж чадсан. Харин хязгаар нь үл
мэдэгдэх энэ том урсгалыг хэрхэн яаж хянаж, хамгаалж байх вэ гэдэг нь л
хамгийн том асуудал байсаар ирсэн билээ.
1939
онд Германы хэсэг эрдэмтэд радио долгионы мэдээллийг дундаас нь таслах,
утгыг нь өөрчлөх ажиллагааг хийснээр “хакердах” ажиллагааны эхлэлийг
тавьсан гэж үздэг. 1970-аад оны сүүлээс компьютерийн технологи хөгжиж
томоохон байгууллагууд компьютероор тоноглогдож эхэлсэн энэ цаг үеэс
дотоод сүлжээн дэх дайралт эрчимжсэн аж. Харин интернетийн үйлчилгээ
нэвтэрснээр хакердах ажиллагааг илүү хялбар, аюултай болгож орхисон юм.
Анх томоохон компаниудын данснаас их хэмжээний мөнгө авах зорилгоор энэ
үйл ажиллагааг хийдэг байжээ. 1980-аад оны сүүлээс томоохон банкууд,
Wallstreet-ын компьютерүүдэд халддаг байсан нь хувьцааны өсөлт, уналтыг
зохицуулах, мөнгө угаах нэгэн хэрэгсэл болгож байсан аж. Бүр зарим нь
зүгээр л зугаацах утгаар нь ашигладаг байсан гэх. Гэтэл хэдхэн жилийн
дараа энэ нь улстөрийн томоохон явуулга болтлоо өргөжсөн билээ. Хятад
улс компьютерийн технологийг судалдаг томоохон “арми” байгуулж,
хөгжингүй орнуудын дотоодын сүлжээнд халдах бэлтгэл ажлыг эхлүүлсэн
билээ. Энэ бол 1990-ээд оны үйл явдал. Өдгөө дэлхийн хамгийн хаалттай
гэгдэх улсууд хакерын технологиор мэргэшжээ.
Хятад улс гэхэд л
АНУ-д сардаа 2580 гаруй дайралтыг хийдэг гэх судалгааг ТТГ-ынхан
гаргажээ. Хойд Солонгосын цахим шуудан болоод томоохон компанийн хуудас
руу сараа 5-10 удаа томоохон дайралт хийдэг гэх судалгаа бий. Мексик
болоод Куба бүс нутагтаа толгой цохино. Энэ бүгдийг хэрхэн хянах талаар
дэлхий нийт тэмцэж байгаа ч дорвитой үр дүнд хүрсэнгүй.
2005
онд Финлянд улсын технологийн сургуулийн хэсэг оюутнууд Эрүүл мэндийн
яамны цахим хуудсанд халдан худал мэдээлэл цацаж нийгэмд томооон шуугиан
дэгдээжээ. Тухайн үед ямар нэгэн арга хэмжээ аваагүй ч эцэг, эхэд нь
тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан гэдэг. 2010 онд Хятад улс
АНУ-д цахим дайралт хийв. Үр дүнд нь хоёр цаг гаруйн түгжрэл үүссэн.
Дэлхийн томоохон үүрэн телефоны компаниудын сүлжээ доголдсон, төрийн
байгууллагуудын цахим хуудсууд доголдсон. Хоёр жилийн дараа Өмнөд
Солонгост томоохон дайралтыг хийв. Хэргийн эзэд нь хойдчууд. Тэд
өмнөдийн тагнуулын болоод батлан хамгаалах яам, томоохон банкны цахим
хуудсанд халдаж, системийг нь блоклосон байна. Их Британид шашны
бүлэглэлийн зүгээс явуулсан вирусын уршигаар өсвөр насны хэд хэдэн
хүүхэд амиа хорлосон зэрэг муу мэдээллүүд ар араасаа цуварна.
Их
Британи л гэхэд сүлжээний хамгаалалтын инженерүүдийг хамгийн өндөр
цалингаар ажиллуулдаг бөгөөд зарим нэг татвараас нь чөлөөлдөг аж. Мөн
сурах хугацаандаа амжилт гаргавал сургалтын төлбөрөөс нь хөнгөлөх
тогтолцоо үйлчилдэг. Хэдийгээр АНУ, Өмнөд Солонгос зэрэг улсыг бодвол
цахим дайралтад тийм ч их өртдөггүй ч болзошгүй аюулаас сэргийлэн ийм
бодлогог хэрэгжүүлдэг аж. АНУ болоод Өмнөд Солонгос мэргэжилтнүүдийг
бэлдэж, сүлжээний хамгаалалтын технологийг жил бүр шинэчилдэг ч үр дүнд
хүрээгүй л байна. АНУ-ын төрийн тэргүүн нь хүртэл ямар ч арга хэрэглэсэн
дийлэхгүй байгаагаа өөрөө хэлсэн.
Цахим
сүлжээний ихэнх сервер Силикон Валли-д төвлөрсөн байдаг. Үүнээс харвал
АНУ-руу ч бай, Өмнөд Солонгос руу ч бай халдсан үр дүн нь бүх дэлхийнх
болох боломжтой. Ялангуй Yahoo, Gmail, Facebook, Twitter-ээр дамжин ирэх
вирус ихэсч, хакердах тохиолдол ч гарсаар байна. Сүүлдээ ухаалаг гар
утаснууд ч хакерчдын гол бай болсон гэх. Тийм ч учраас Apple компани
олон арван тэрбумыг зөвхөн хамгаалалтын технологид зарцуулахаар болсон
байна. Эхний ээлжинд тэд iPhone, iPad-д хамгаалалтын шинэ систем
суурилуулахаар ажиллаж байгаа аж.
Дэлхийн өөр улсууд өөрийн
гэсэн цахим шуудан болоод месенжэрийн хаягтай байдаг. Ялангуяа Япон,
Өмнөд Солонгос, Казахстан зэрэг улсууд өөрсдийн гэсэн цахим шуудангийн
үйлчилгээтэй. Учир нь Yahoo, Gmail-ээр дамжин олон төрлийн вирус ирдэг
төдийгүй хакерчдын том терминал болдог учраас тэр.
НҮБ цахим
дайралтыг өөрсдийн анхааралдаа авахаа зарласа төдийгүй ирэх 20 жилийн
хугацаанд аюулгүйн зөвлөлийн анхаарлаа хандуулах сэдэвт цахим дайралтыг
оруулсан. Чухам ямар бодлого хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх нь хариулт
нэхсэн асуулт билээ.